Саудын Араб улсын эрх баригчид Пакистанаас бэлэн цөмийн зэвсэг ойрын хугацаанд худалдан авахаар болсныг Британийн “The Sunday Times” сонинд өгүүлжээ. Энэ тухай нууц мэдээллийг АНУ-ын өндөр албан тушаалын түшмэд сэтгүүлчидтэй хуваалцсан аж. “Энэхүү шийдвэр нь Ойрхи Дорнодод зэвсгээр хөөцөлдөх үйл явцыг өдөөх эрсдэлтэй. Саудын Араб улс сүүлийн 30 жилийн турш Пакистан дахь цөмийн зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн” хэмээн сонинд өгүүлсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар их гүрнүүд гэрээ байгуулах гэж буй нь суннит шашинтай хааны гэр бүлүүд эрх барьдаг Арабын орнуудын дургүйцлийг төрүүлж, Тегераны эрх баригчид түрүүлж цөмийн зэвсэгтэй болно гэсэн хардлагыг нь бататгаж буй гэнэ. Саудын Араб улс цөмийн зэвсэгтэй болсон тохиолдолд Турк, Египет энэ жишгийг дагах нь гарцаагүй гэж үздэг. “Саудын арабуудын хувьд цаг нь ирсэн. Тэд пакистанчуудтай энэ талаар эртнээс тохиролцоотой байсан. Харин одоо Саудын гэр бүл энэ талаар урагшлах хэрэгтэй гэсэн стратегийн шинж чанартай шийдвэр гаргалаа” хэмээн АНУ-ын албаны эх сурвалж өгүүлжээ. Саудын Арабын эрх баригчид Пакистанд газрын тос хөнгөлөлттэй үнээр нийлүүлсний хариуд Пакистаны тал өөрийн цөмийн байгууламжид Саудын төлөөлөгчдийг нэвтрүүлдэг байсан аж. Үүнээс гадна Саудын Арабад өмнө нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай “Шахин” пуужин нийлүүлжээ.