Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг баталсан юм. Гэвч дээрх шийдвэр нь хууль зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн төдийгүй энэхүү арга хэмжээг зогсоох ёстой, төлбөр төлсөн жолооч нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөнгөн төлбөрөө буцаан авах эрх нээлттэй гэсэн шаардлагыг холбогдох газарт нь тавьж шүүхэд өгөөд байсан.
Тэгвэл дугуй түгжих ажиллагаа иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байгаа. Бүр машиндаа унтаж байсан хүний дугуйг гэтэж, мөлхөж очоод түгжсэн тохиолдол байгаа бол машинаасаа буугаад хүнээс бал аваад эргэхийн хооронд хулгайч нохой шиг отож байгаад дугуйг нь түгжсэн асуудал иргэдийн дургүйг ихээр хүргэж байна.
Улмаар “Дугуйг нь түгжчихээд мөнгө нэхээд суучихдаг байдал хэрээс хэтэрлээ. Холбогдох газрууд нь энэ байдлаа болиулж зогсоовол яасан юм бэ?” гэх жолооч олон байгаа аж.
Ямар нэгэн албан байгууллага, дэлгүүр, үйлчилгээний газрын гадна зогсоол байдаггүйгээс жолоочид хохирч байна. Хэдхэн минут л зогсоолгүй газар машинаа үлдээгээд гараад ирэх хооронд машины дугуйг түгжиж, ачаад явах үзэгдэл ердийн болжээ. Бараг л хүнтэй машины дугуйг түгжихээс наагуур юм болох нь. Өөрсдөө л мөнгө олж байвал бусдын ажил төрөл, цаг хугацаа, мөнгө огтхон ч хамаагүй байдаг бололтой.