08.07

О.Амгаланбаатар: Хамгийн зөв гаргалгаа бол харамсахгүйгээр өнөөдрийг өнгөрөөж бас үнэлж сурах

Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар буюу Амгаа өнгөрснийг дурсах биш ирээдүйдээ итгэж, бэрхшээлийг даван туулах талаар өөрийн бодлоо хуваалцжээ.

Тэрбээр "Хүүхэд насаа, оюутан цагаа, шинэхэн ажилтан байсан үеэ хүн бүр л хожим дурсаж ярихдаа, зураг үзэхдээ "сайхан цаг байж дээ" гэцгээдэг. Цаанаа л нэг тухайн цагтаа сайхныг нь мэдрээгүй аястай хэлдэг нь ч нууц биш. Эргэж буцахгүй цаг хугацааг хэчнээн дахин хүсэвч энэ хэзээ ч боломжгүй зүйл. Хамгийн зөв гаргалгаа нь харамсахгүйгээр өнөөдрийг өнгөрөөж бас үнэлж сурах л юм билээ. Бидний бүх л цаг үед бэрхшээл байсан. Байх ч болно. Гэвч тэр болгоныг тэсэж даваад ирсэн нь үнэн биз дээ. Тиймээс асуудал, бэрхшээл болгоныг асар том зүйл болгож амьдралынхаа үнэт цагаас сайхныг нь харж чадалгүй өнгөрөөх юутай харамсалтай. Борооны дараах үнэр, хэн нэгний сэтгэл сэргэтэл харсан харц, түүнээс үлдсэн догдлол, өлсөж идсэн хоол тэр бүү хэл тэсэж тэсэж хөнгөрөх тэр мэдрэмжийн хажууд бүтэлгүй хайр, тарчигхан амьдрал, нөгөө хэний өөрөөс чинь илүү явах бүгд ямар ч үнэ цэнэгүй зүйлс. 
Сүүлийн хэд хоног хагас нойртой кинонд орж явна. Ядарч яваагаа гайхан, ял болгож яривал ярихаар. Яах юм бэ, өнөөдөр намайг гол дүрд тоож тоглуулж байгаа залуу насандаа талархах нь ядрахаас яавч дээр л байж таарна. Хожмоо хэчнээн хүсэвч цаг хугацаа бүхнийг байранд нь тавьсан байх болно шүү дээ. Бага яларх, бага шүүмжил, бага бие биенээ муул.
Их хайрла, их мэдэр, хэрэггүй зүйлийг зүгээр л орхи" хэмээжээ.