05.20

Эрчим хүч, төмөр замын салбарын зээлийг засгийн газрын өрөөс хасах уу

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төс вийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд төмөр зам, эрчим хүчний салбарт зориулан авсан өрийг Засгийн газрын өрөөс хасах талаар тусгасан байсан юм. Энэ заалт Байнгын хорооны гишүүдийн дунд нэлээд маргаан дагууллаа. Тухайлбал, гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй санал гаргав. Ч.Улаан гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас“Төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг Засгийн газрын өрийн ангиллаас гаргах нь Засгийн газар хариуцлагаас зугтаж байна гэж ойлгож болох уу. Өрөөсөө хасна гэсэн мөртлөө Засгийн газар баталгаа гаргана гэж байгааг олгохгүй байна. Тэгээд ч энэ салбаруудад найдвартай хөрөнгө оруулалт орж ирэх үү” гэж асуусан. Түүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Миний хувьд энэ салбарт арав гаруй жил ажилласан. Тухайн үед Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар миний дарга, сайд байсан хүмүүс. Тиймээс энэ хүмүүсийг хүндэтгэж явдаг. Энэ хуулийн төслийн тухайд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байсан уул уурхайн салбарт Засгийн газрын оролцоотой хөрөнгө оруулалтыг Засгийн газрын өрд тооцохгүй гэж өмнөх парламентын үед та бүгдийн баталсан хуулийн агуулгаас юу ч өөрчлөөгүй. Юу ч өөрчлөөгүй байхад ойлгохгүй байгаад гайхаж байна. Өмнөх Засгийн газрын үед уул уурхайг хөгжлийн тодорхой хөрөнгө оруулалт гэж тооцож байсан. Одоогийн Засгийн газар эрчим хүч, төмөр замаа дэмжье л гэж байгаа юм. Энэ чиглэлээр хөгжлийн зээл авья гэсэн. Түүнээс өөр ямар ч өөрчлөлт байхгүй. Эрчим хүч, төмөр замд авсан зээл эргээд үр өгөөжөө өгч төлбөрөө өөрөө төлөх бололцоотой. Салбарын яамд ажил хиймээр байна, мөнгөгүй хөл гар тушаатай байна гэж ярьж байгаа. Засгийн газрын хариуцлагын тухайд зөвхөн өрийн хязгаарт л оруулахгүй гэж байгаа болохоос өр төлөх болон бусад асуудал дээр хариуцлагаа хүлээнэ” гэж хариуллаа. Үүний дараа Ц.Даваасүрэн гишүүн, эрчим хүч төмөр замын салбарт авах зээлийг Засгийн газрын өрд хамааруулахгүй гэсэн заалтыг эсэргүүцэж байгаа үндэслэлээ ийнхүү тайлбарлав. Тэрбээр дээрх хоёр салбарт авсан зээлийг Засгийн газрын өрдөө нэмж тусгаад явах нь зөв. Харин өрийн хязгаарыг улстөрийн зөвшилцлийн хүрээнд нэмэгдүүлэх хэрэгтэй гэв. Харин төсөл санаачлагчийн зүгээс төмөр зам болон эрчим хүчний салбарт авсан зээлийг найдвартай төлдөг. Тэр утгаараа найдвартай, баталгаатай хөрөнгө оруулалт болж чадна. Өнгөрсөн хугацаанд авсан зээлийг хуваарийн дагуу төлж байгааг хэлсэн. Ажлын хэсгийн төвшинд зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гаргаад байсан. Гэвч байнгын хорооны хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар “Хуулийн төслийн зургадугаар зүйлээс уул уурхай, эрчим хүч гэснийг хасах нь зүйтэй” хэмээн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Хэрвээ энэ хоёр заалтыг хассан тохиолдолд Засгийн газраас оруулж ирсэн хуулийн агуулга бүхэлдээ өөрчлөгдөж, хуулийн төслөө татан авахаас өөр гарцгүй болохоор байв. Гэхдээ санал хураалтаар Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарын саналыг дэмжих шаардлагагүй гэж үзсэнээр уг хуулийн анхны хэлэлцүүлгийг дуусгалаа.