09.10

Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ

Зуны улирал дуусмагц, гэрийн халаалт, салхи, болон хүйтэн уур амьсгалаас хамаарч бидний арьс болон үсэнд чийгшил дутагдаж, хуурайшиж эхэлдэг. Тиймээс та энэ үед арьсаа торгомсог зөөлөн, гэрэлтсэн хэвээр нь байлгахыг хүсвэл “чийгшүүлэх ажиллагаа”-г эрчимтэй “өрнүүлэх” хэрэгтэй. Халууны улиралд жимсний сэнгэнэсэн үнэртэй биеийн шингэн савангууд “моод”-нд ордог. Харин намар, өвлийн улиралд тэдгээр гелен савангууд нь арьсыг хуурайшуулах магадлалтай учир тохиромжгүй. Тиймээс та оронд нь тослог, шаргал өнгийн, зөгийн бал, сүү мэтийн найрлага агуулсан, зөөлөн чийгшүүлэгчтэй шингэн саван хэрэглээрэй. Усанд орсныхоо дараа какао, кофе, ванилланы үнэртэй биеийн тос түрхэж яагаад болохгүй гэж? Тосорхог найрлага бүхэн моодонд орох цаг болсон. Шоорт, богино юбаныхээ оронд өмд өмсдөг боллоо гээд хөлнийхөө арьсанд тавих анхаарлыг бүү сулруулаарай. Тэр чигт нь орхивол дараа хавар болоход сайртсан хөлтэй болсон байх болно. Ваннд орохдоо дотор нь хэдэн дусал самрын тос, эсвэл жожобаны тос хийчихвэл таны стресс тайлагдаж, бие чийгшлээ олно.

Зуны турш арьсны үхмэл эд эсүүд дээр дээрээсээ давхарга үүсгэсэн байдаг тул намар цаг бол арьсаа шинэчилж, цаана нуугдаж байгаа шинэ арьсыг гаргаж ирэхэд хамгийн тохиромжтой цаг юм. Долоо хоногт нэг удаа гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэснээр таны биеийн нүх сүв онгойж, нуруу цээжээр батга гарах нөхцлийг багасган, сэтгэл санааг сэргээнэ.

Хүйтний улирал эхэлмэгц зовхины шөнийн тосны хэрэглээ ихэснэ. Унтахынхаа өмнө зовхиндоо тос түрхвэл тэр хэсгийн арьс хуурайшиж, үүнийхээ улмаас үрчлээтэх магадлал багасна. Нүүрээ бага зэрэг нойтон хэвээр нь байлгаж байгаад, чийгшүүлэгч тосоо түрхвэл илүү үр дүнтэй. Мөн намрын улиралд уруулын арьс хатах, хагарах явдал их тохиолддог учир гоо сайхны хэрэгслийн цүнхэндээ жижиг вазелинтай явахыг зөвлөж байна. уруулаа хэлээрээ долоохоос зайлсхийгээрэй. Мөн уруулны аль хэдийн хатаж хагарсан арьсыг шүдний сойзоор бага зэрэг үрж, унагаж болно.

Таны хумсанд ч бас чийгшил дутагдаж байгаа. Тиймээс хурдан хатдаг хумсны лакнуудаас зайлсхий. Тэдгээр нь өөрсөддөө изопропил алкоголь агуулдаг тул таны хумсыг илүү хайрслаг, хэврэг болгоно.