Орчин үед хүүхнүд гуалиг биетэй байхын тулд бүхий л аргыг хэрэглэдэг. Хоолны хатуу дэглэм барьж, дасгал хийж, зарим нь аль сайн гэсэн тураах цай, кофег ууцгаадаг. Тэгвэл турахыг хүсдэггүй эмэгтэйчүүд ч байдаг аж. Тэдний нэг нь яруу найрагч Р.Эмүжин. Тэрбээр “Яадаг юм, би турахгүй. Турлаа гээд шагнадаг болоо юу, шалгана гэнэ үү, шанаа өгөх үү, шахаанд оруулах уу? Шалдаллаа юу? Тэгээд ч би ямар 18-тай годгоносон охин биш, дөрвөн аравныг дөмөг давж, дөрөө тэгшилж, жолоо цэгцэрсэн ээж хүн. Бүдүүн байлаа гээд банк дээрэмдээ юу, махлаг байлаа гээд машин хулгайлаа юу. Нарийхан харагдах гэж намба алдаж, туранхай үзэгдэх гэж тураал царайлж, гуниг зарлах уу? Хар даавуугаар биеээ ороож, хамаг байдгаа даруулганы цаана чихэх үү? Үрчлээгүй өтлөх гэж үнэн төрхөө мэсэнд тушааж, хагалгааны ширээн дээр халуурч хэвтэх үү? Тэгдэггүй юм. Амьдралыг амттай болгодог бүхнээс би хэзээ ч татгалзаж чадахгүй. Үг үнэн, үйл тэгш явбал боллоо. Амьдралд гоо сайханд өдрийг барж, үсчинд үеээ өнгөрөөж, саунд хөлөрч суухаас өөр олон сайхан мөчүүд байдаг. Тэгээд ч шимтэй монгол бүсгүйгээс шийртэй эрчүүд төрж, биетэй монгол эмэгтэйгээс биелэг охид мэндэлдэг юм. Тийм болохоор би турахгүй” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна. Тэгэхээр найрагч бүсгүй өөрийн биедээ сэтгэл хангалуун байдаг нэгэн бололтой.

С.НАРАН