09.14

“Эрдэнэс Тавантолгой”-н нөөцийг 7.6-8 тэрбум тонноор тогтоогоод байна

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний ордын нөөцийг 6 тэрбум 48 сая тонн гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тогтоосон байдаг.

Тус ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд хийж, 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байжээ. Түүнээс хойш 40-өөд жилийн дараа дахин тогтооход нөөцийн хэмжээ өмнөхөөсөө нэмэгдсэн байна. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцтэгэх захирал Б.Ганхуягаас тодруулахад, “Анх 5.1 тэрбум тонн нүүрсний нөөцтай гарсан нь хэсэгчилсэн тайлангаар тийм байсан юм. 1981 оноос хойш хэсэг хэсэг газар хайгуул хийгээд хайгуулын тайлангаар тийм гарч байсан юм.

Түүнээс хойш Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороод бид анх удаа буюу 40 жилийн дараа компанийн ордын нэгдсэн тайлан батлуулж авснаар нөөц нь 6 тэрбум тонн болсон. Үүний дараа бид 2014 оноос хойш тасалдаад байсан хайгуулын ажлыг 2017-2018 онд 130 орчим мянган тууш метр талбайд хийж, үүний хүрээнд 340 сая тонн нүүрсийг нэмж баталгаажуулж авсан. Ингээд блокын аргачлалаар 6.3 тэрбум тонн нөөцтэй болсон юм. Өмнө манай компани 5.1 тэрбум тонны нөөцөө дэлхийд жорк стандартаар 7.3 тэрбум тонн гэж олон улсад танилцуулсан юм. Энэ нь жорк буюу өөр ангилалтай байдаг. Тиймээс өнөөдрийн байдлаар 6.3 тэрбум тонн байгаа нөөцөө олон улсын жорк стандартад шилжүүлснээр танилцуулахад “ЭТТ” ХК-ийн нүүрсний нөөц 7.6-аас 8 тэрбум тонн буюу, түүнээс дээш үнэлгээгээр тогтоогдож байна. Энэ хэмжээгээр компанийн үнэлгээ, нөөцийн үнэлгээ, үнэ цэнэ нэмэгдэх юм” гэв.