09.14

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүлжээ


УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулах шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анх 2018 оны долдугаар сарын 10-нд УИХ-ын даргад өгч байв. Ээлжит бус чуулган өнөөг хүртэл хуралдаагүй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /09.13/ энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандаж дахин шаардлага хүргүүлжээ.

Тэрээр энэ талаараа “УИХ-ын нэр бүхий 26 гишүүний 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн 8484 тоот албан бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлага гаргаснаас хойш бүтэн хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Дээрх шаардлагатай холбогдуулан УИХ-ын 2018 оны долдугаар сарын 19-ний 1/8636 тоот албан бичгээр ирүүлсэн хариуд “...Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн” тухайгаа уламжилсан байдаг.

Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас тус Байнгын хорооны нийт гишүүний олонх нь хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаар хуралдаан хойшилсон болно.

Энэ байдал нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа болохыг анхааруулъя.

Иймд Хууль зүйн байнгын хорооны хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг танаас дахин шаардаж байна” гэжээ.