УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Уг төлөвлөгөө батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл-зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс монголын талын авах ногдол ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татвар ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна. Өөрөөр хэлбэл манай улсын 3 сумын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газар нутгийг барьцаалж байна. Манай улсын төсвийн уналттай байдлыг ашиглан тэнцвэргүй нөхцөл бүхий тулгалтыг хийж байна гэсэн үг. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөний 4,4-т зааснаар 2010-2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам 5 хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээх болж байна. Ер нь бол гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа болно" гэв. Түүнчлэн тэрбээр уг төлөвлөгөөтэй холбоотой баримт бичгүүдийг албан хуулбараар энэ сарын 22-ны дотор ирүүлэхийг хүссэн албан тоот хүргүүлж байгаа ба С.Ганбаатар гишүүн цахим орчноос өнөөдрийн сэтгүүлчдэд танилцуулсан гэрээг олж авсан гэдгээ хэллээ.
Б.Туул