05.21

Ди Каприо хүүхний цүнх худалдан авчээ

Жүжигчин Леонардо ди Каприо Холливудын хамгийн өглөгч нэгэн гэдгээрээ алдартай билээ. Тэрбээр хүрээлэн буй орчин болон амьтдын амь насыг хамгаалах үйлсийг хийдэг элдэв байгууллагуудыг дэмжихэд олон сая доллар хандивладаг юм.

Энэ даваа гаригт болсон нэгэн дуудлага худалдааны үеэр “Уолл-Стрийтийн цөөвөр чоно” киноны од залуу ээлжит удаагаа өгөөмөр зангаа харуулсан байна.

Энэ удаагийн дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг хөгжил буурай орнуудын зүрх, судасны өвчтэй хүүхдүүдэд туслахад зориулах аж. Худалдаан дээр зарагдаж байсан нэгэн ховор хийцийн эмэгтэй гар цүнх нэрт гоонь эрийн анхаарлыг өөрийн эрхгүй татжээ.

Гэтэл ди Каприогоос гадна олон ч хүн тэр цүнхэн дээр нүд унагасан байна. Тэдэн дунд дээдсийн хүүхэн гэгддэг Пэрис Хилтон ч байсан юм.

Тэрхүү гар цүнхийг өөрийн болгохын тулд ширүүн өрсөлдөөн өрнөсөн бөгөөд эцсийн мөчид ди Каприо ялалт байгуулан 13 мянган долларын үнэ хэлжээ. Жүжигчин эр уг гар цүнхийг хайртай ээж Ирмелиндээ өгнө гэдгээ мэдэгдсэн байна.