09.18

“Хүүхдийн төлөөх шударга ёс” Ази-Номхон далайн бүс нутгийн III бага хуралд оролцлоо


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл Тайланд Улсын Бангкок хотноо 2018 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд болсон "Хүүхдийн төлөөх шударга ёс” сэдэвт Ази-Номхон далайн бүс нутгийн III бага хуралд оролцоод ирлээ. 

Тус хурлаар Ази-Номхон далайн бүс нутагт тулгамдсан асуудлын нэг болох хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эдгээрт холбогдох олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хил дамнасан хүүхэд хамгааллын цогц тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хурлын үндсэн зорилго нь Ази-Номхон далайн бүс нутагт хил дамнасан хүүхэд хамгааллын цогц тогтолцоог бэхжүүлэх, Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлаас баталсан Хүүхэд хамгааллын талаарх олон улсын конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хууль сахиулах байгууллагууд, Засгийн газар, төрийн бус байгууллагууд, олон улсын болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын эксперт, шинжээчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ тутам үүсч буй хил дамнасан шилжилт хөдөлгөөн, цагаачлал, цахим орчин дахь халдлага, олон улсын хүүхэд үрчлэл, тээгч эх зэрэгтэй холбогдох хүүхэд хамгааллын талаар туршлага солилцоход чиглэсэн болно.