10.05

Залуу гэр бүлд ямар бэрхшээл тулгардаг вэ

Хүний амьдралын утга учир гэр бүлийн аз жаргалд байдаг гэдэг. Гэвч энэ аз жаргалыг бий болгох, хадгалж авч явах нь тийм ч амар зүйл биш. Бас ханиа зөв сонгож чадвал гэр бүлийн амьдрал жаргалтай байна гэлцдэг. Гэр бүлийн амьдралд тохиолддог хямралын эхний үе нь гэр бүл болсноос хойших 3-7 жилийн хооронд үргэлжилдэг. Энэ нь ихэвчлэн залуу хосуудад хамаатай бөгөөд юуны өмнө хоёр өөр орчинд өссөн, зан төлөвийн хувьд ялгаатай хүмүүс харилцан бие биедээ дасан зохицох, үүрэг хариуцлагаа ухамсарлах зэрэг сэтгэл зүйн нийлэмж явагддагтай холбоотой. Гэр бүлийн нийлэмж нь хосуудын үзэл бодол,ёс суртахуун,сонирхол, зан төлөв бэлгийн харьцаа нийгэм сэтгэл зүйн хувьд яригддаг. Жишээлбэл, сэтгэл зүйн нийлэмжийн талаар эрдэмтэд олон зүйлийг судалжээ.

Гэр бүл болж байгаа хосууд зан төрхийн хувьд эсрэг байвал илүү нийцтэй байдаг бол харин ижил зантай хосуудад ярвигтай асуудлууд их гарч болох ажээ. Тэгвэл хурц зан араншинтай хоёр хүн голдуу сөргөөцөлдөж, гэр бүлийн жижиг аар саар асуудал дээр харилцан буулт хйих сонирхолгүй байдаг байна.

Гэр бүлийн амьдралд тохиолдох нийгэм, сэтгэл зүйн сөрөг үзэгдлүүдэд:
-Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь архинд орох болон бусад хортой зуршилд авсанаас
-Хүүхэдтэй байхыг үл хүсэх
-Хань ижилдээ харгис хэрцгий хандах
-Хүний суурь хүмүүжилтэй холбоотой хэвийн бус зан авир гаргах
-Сайн сайхан мэдрэмжээ алдах
-Хардах
-Ойлгохыг хүсэхгүй байх
-Хөндлөнгийн нөлөө
-Эцэг, эхийндээ хамт амьдрах
-Аль нэгнийх нь эцэг, эх гэр бүлийн амьдралд хэт оролцох
-Эхнэр, нөхрийн аль нэг нь урт хугацаагаар гадаадад амьдрах зэргээр бие биеэсээ хол байх
-Өөр хүнтэй дотно харицлаа үүсгэх
-Хэн нэг нь сэтгэцийн эмгэгтэй байх зэрэг олон шалтгаан ордог ажээ.
ГЭР БҮЛИЙН МАРГААН
Гэр бүлд маргаан үүсэх олон шалтгаан байдаг. Жишээлбэл, бие биенээ ойлгохгүй байх, хосуудын хэрэгцээ сонирхол өөр байх, харилцааны ёс зүйг зөрчих, биологийн хувьд тохирохгүй байх, эцэг, эх, ах дүүс, найз нөхдийн нөлөө зэрэг олон шалтгаан бий. Энэ бүхэн нь гэр бүл салах,байнгын хүйтэн хөндий уур амьсгал, бухимдал, уур уцаар, мэдрэлийн ядаргаа бүр цаашилбал үр хүүхдийн зан байдал, хичээл сурлаганд ч муугаар нөлөөлдөг.
ИЙМ БАЙДАЛД ХҮРЭХГҮЙН ТУЛД
Гэр бүл болохоосоо өмнө бие биенээ сайн судалж, тодорхой бэлтгэлтэй, хариуцлагатай хандах ёстой.
Хоёр биенийхээ эцэг, эхийн хоорондын харилцаа, удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байгаа эсэхийг ч судлахад илүүдэхгүй. Залуу хосууд өөрсдийн орон байргүйгээс нэг нэгнийхээ эцэг эхийнд амьдарснаас болж асуудал үүсдэг нь олон юмнаас харагддаг. Нэгэнт гэр бүл болоод хамтран амьдарч байгаа учраас бие биендээ хүлээцтэй хандах нь чухал юм. Амьдралын янз бүрийн асуудал дээр аар саархан маргаан үүсэхэд хэд хэдэн зүйлийг анхаарах нь зүйтэй.
-Маргаанд заавал дийлж гарахыг эрмэлзэхгүй байх
-Өмнөх маргааныг сэргээхгүй байх
-Маргаандаа эцэг, эх найз нөхдөө хамруулахгүй байх
-Бүдүүлэг үг хэллэг, хараалын үгийг хэрэглэхгүй байх
-Нэгнийгээ доромжилж гомдоохыг зорихгүй байх зэрэг тодорхой дүрэмтэй байх хэрэгтэй юм. Үүнээс гадна хосууд бие биеэ дэмжин урамшуулдаг байх, зарим нэг дутагдалд хүлээцтэй хандаж сурах, амьдралаа өөрсдөө хөл дээр нь босгохын тулд ирээдүйдээ итгэлтэй байх нь гэр бүлийн олон хямралыг даван туулах үндэс болдог билээ.