Нийтийн тээврийн нэгтгэлийн ажилчид энэ сарын 25-нд ажил хаяхаар болсон талаарх мэдээллээ автобусныхаа цонхон дээр наасан байна. Уг ажил хаялтыг Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулах юм. Ямар учраас ажил хаях болсон талаар тус холбооноос тодруулахад, “Нийтийн тээвэр бол иргэдэд үйлчлэх ёстой байтал ашгийн төлөө явдаг боллоо. Сүүлийн хэдэн сар жолооч, мөнгө хураагч нарын орлого бүрдүүлэлтийг нэмсэн учраас тэд нэг нэгэнтэйгээ уралдан осол аваар ихээр гаргах болсон” гэв. Энэ сарын 1-нээс 7-ны өдөр гэхэд гурван автобусны жолооч хүн амины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэнэ. Иймээс жолооч, мөнгө хураагчид ашгийн төлөө бус иргэдэд үйлчилдэг байгууллага байхын төлөө эсэргүүцлээ илэрхийлж ажил хаяхаар болжээ.
Ц.ЗАЯА