10.11

Хадгаламж зээлийн хоршоодод зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаарх сургалт хийлээ

Санхүүгийн зохицуулах хороо “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хадгаламж зээлийн хоршоодыг зээлийн мэдээллийн санд хамруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор өмнө нь хоршоодод зээлийн мэдээллийн санд холбогдон ажиллахад шаардлагатай зүйлсийн талаарх мэдээллийг өгч байсан бол энэ удаад 2014 оноос хойш бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан 123 ХЗХ-дын 80 удирдлага хамрагдсан зээлийн мэдээллийн сангийн зорилго, ач холбогдлыг таниулах Нийслэлийн хөдөлмөр эрхлэх газраас зохион байгуулсан сургалтыг дэмжин оролцлоо.
Тус сургалтыг Монголбанкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч Д.Төрбат зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа сэдвээр хийсэн бөгөөд салбарын үйл ажиллагаа болон эрсдэлээс сэргийлэхэд зээлийн мэдээллийн сантай холбогдох нь чухал алхам болохыг хэллээ. Тэрбээр ХЗХ-дын дунд байдаг нийтлэг алдаа бол суурин интернэт бус утасгүй WiFi ашигладаг, ажлын байраа ойр ойрхон сэлгэдэг, ажилтнууд нь байнга солигдохын зэрэгцээ дараагийн мэргэжилтэнд ажилласан хугацааныхаа зээлийн мэдээллийг хүлээлгэж өгдөггүй зэрэг бусад олон шалтгааны улмаас иргэдийн зээлийн мэдээлэлд шинэчлэлд хийгдэлгүй удах, мөн зээлээ төлсөн иргэдийн зээл төлөгдсөн тухай мэдээлэл мэдээллийн санд ордоггүйгээс иргэд дахин зээл авч чадахгүй болох гэх зэрэг хүндрэл, чирэгдэл гардаг тухай салбарын асуудлуудын талаар хөндөж, хоршоодод дээрх нийтлэг алдаа дутагдлыг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг сануулсан юм. Түүнчлэн хоршоодоос зээл хүссэн иргэд аливаа нэг байгууллагад өр, төлбөрийн тооцоо байгаа нь зээлийн мэдээллийн санд харагдах аваас тухайн байгууллагад төлбөрийн асуудлаа шийдэхийг харилцагчад санал болгох нь зүйтэй. Сургалтын төгсгөлд ХЗХ-д ЗМС- нд холбогдсоноор зээлдэгч, хоршооны гишүүн бусад санхүүгийн байгууллагадын бүхий л мэдээллийг харах боломжтойн зэрэгцээ хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байвал зээл олгохоос татгалзах, зээлийн эрсдэлээс сэргийлэх  зэрэг олон талын ач холбогдолтойг онцолсон юм.