10.25

Ойрхон дүү-Хүүхдийн стресс

�� Дүүгээ төрснөөс хойш хүүхдийн уурлаж бухимдах, уйлах уцаарлах нь ихэсдэг. Тэр битгий хэл хийх дуртай байсан зүйлдээ огт дургүй болдог. Жишээлбэл, зурагт ном их үздэг байсан хүүхэд ном хараад л зугтана. Зурж будах дуртай хүүхэд цаас хараад л би хиймээргүй байна гэдэг. Энэ нь хүүхэд номоо үзэж, зургаа зурж байхад дүү нь оролцож үзэг цаасыг нь булаалдаж, ном цаасыг нь базахаар дайсандаа дийлэгдсэн мэт мэдрэмж өгч түүнийг хийх огтоос дургүй болдог. Иймээс том хүүхдээ дуртай зүйлээ хийх үед нь тохиромжтой орчинг бүрдүүлж өгөхийг заавал санаарай.

�� “Ах нь юм чинь, эгч нь юм чинь” гээд орхивол хүүхэд улам стресст орж, бүр даамжирвал өвчин болдог, өөртөө итгэлгүй болдог. Стресс ихэдсэн хүүхэд дийлэнхдээ зурагт үзэх гэх мэт ухамсаргүй анхаарал төвлөрөлтийн үедээ хумсаа мэрэх, хуруугаа хөхөх үйлдэл хийж улам ганцаараа байхыг хүсэх болдог. Тиймээс ойрхон хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ стрессийн учир шалтгааныг тогтоох, стресстэхийг болиулах тайвшуулах арга замыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

�� Хүүхэд ээжийнхээ хажууд дүүгээ өхөөрдөж асарч байснаа түр орхих хооронд дүүгээ чимхэх юм уу, цохиж зодох тохиолдол олон гардаг. Мөн энд тэнд өвдлөө гэж худал гоншигнодог болдог. Тэдний энэхүү үйлдэл нь дүүдээ дургүйдээ бус өөрт нь чиглэж байсан эцэг эхийн хайр анхаарлыг дүү нь булаагаад авчихаас айсандаа хийдэг зүйл юм. Ийм тохиолдолд эцэг эхчүүд өөрсдийгөө дүүгийнх нь талд ороод байгаа юм биш биз, дүүг нь асрах гээд том хүүхдээ анзаарахгүй байгаа юм биз, ах эгч шиг бай гэж тулган шаардаад байгаа юм биш биз гэдгийг нягтлан үзэх хэрэгтэй. Таны анхааралыг татах гэсэн хүүхдийнхээ оролдлогыг ойлгож аваарай.

�� Байх ёстой өөрчлөлтийг хүлээж авах нөхцөл бүрдүүлэх

✅ Гарч болох өөрчлөлтийг дүүг нь төрөхөөс өмнө урьдчилан хийх хэрэгтэй. Том хүүхдийн өрөөг дүүд нь гаргаж өгөх хэрэгтэй бол өрөөг нь хүүхэд төрөхөөс хэдэн сарын өмнө солих буюу орыг нь том ороор сольж өгөөрэй. Дүүг нь төрснөөс хойш томыгоо харах боломжгүй бол хүүхдээ төрөхөөс хэдэн сарын өмнө том хүүхдээ цэцэрлэгт оруулах, бие даалгах хэрэгтэй.

✅ Гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар санаа тавих. Ээж нь бага хүүхдээ хөхүүлж байх хооронд аав нь том хүүхэдтэйгээ тоглож том хүүхдэд ч бас дүүгийнхээ нэгэн адил хайрлуулж халамжлуулж байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн том хүүхдийнээ багынх нь зураг, бичлэг зэргийг үзүүлж, өөрийг нь ч бас багад нь дүү шиг нь усанд оруулж, живхийг нь сольж, хооллож байсныг харуулах нь үр дүнтэй.

✅ Оролцооны сэтгэлгээг мэдрүүлэх 
Том хүүхдээрээ дүүгийнх нь угж, живх зэргийг авчруулж, тэгснээрээ дүүгээ халамжлах хайрлах шижмийг бий болгоорой. Дүү нь одоохондоо нас бага тул харж асрах хэрэгтэй гэдгийг заавал тайлбарлаарай.

✅ Аав ээж өөрөө дүүтэй бол дүүгээ багад нь хэрхэн асарч одоо ч хэрхэн анхаарч халамжилж байгаагаа ярьж өгч эгчийн хувьд ахын хувьд дүүгээ харж асрах нь бахархууштай хэрэг хэмээн урамшуулаарай.

Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)