11.07

Б. Эрдэнэтуяа: Яагаад...

Монгол Хүмүн таны сэтгэл яагаад хөрчихөв 

Мойл хар нүдэнд тань гуниг яагаад хурчихав
Молцог улаан зүрхэнд тань зориг яагаад бөхчихөв 
Модон бор авдранд тань буян яагаад дундарчихав?
Могой зандан ташуурын тань эрч нь яагаад суларчихав
Морин сайхан уналгын тань жолоо нь яагаад алдарчихав
Морьтон түмэн ардын минь арга нь яагаад тасарчихав 
Монголжингоо хатдын минь дом нь яагаад мартагдчихав?
Мэнгэн хөх тамганы тань өнгө нь яагаад бүдгэрчихэв
Мэргэн их ухааны тань охь нь яагаад ээдчихэв 
Мэнэн шарга говийн тань элс нь яагаад шархирчихав
Мэлтийх алтан нарны тань элч нь яагаад харьчихав?
Мөнх хөх тэнгэрт минь будан яагаад татчихав
Мөрөн гол усанд минь буртаг яагаад шингэчихэв
Мөнхөд бадрах төрд минь хулгайч яагаад шургалчихав
Мөст өндөр хайрхдад минь мөр яагаад олширчихов?
Мөчлөг эриний босгон дээр мөнгө яагаад цамначихав
Мөн үнэний дэнсэн дээр өнгө яагаад гаарчихав 
Мөргүн дээдсийн нутагт нүгэлтэн яагаад дийлчихэв
Мөрлөх амьдралын хүрдэнд номтон яагаад цөөрчихөв?
Мялаалга ерөөлтэй хэлэнд минь хараал яагаад урсчихав
Мянганаар дамжсан соёлд минь заншил яагаад улирчихав
Мятаршгүй дайчдын чин алдрыг мэдэмхий яагаад гутаачихав
Мяндагтан дээдсүүдийн хар толгойг харийнхан яагаад дөнгөлчихөв дөө?
Миний Монгол түмэн сэртүгэй 
Мишээх наран лугаа гэрэлттүгэй
Мэдрэмж зөнгөө таниж эрчилтүгэй 
Мэргэн ухаанаа хөглөж дэвжтүгэй!

Б. Эрдэнэтуяа 
2018.11.4