Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хар хорин худалдааны төвийн хойд хэсэг ил задгай наймаа эрхлэгчдээр дүүрч, бараг худалдааны гудамж үүсээд байгаа билээ.
Тэгвэл тус захын дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбай дээр стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгч тэдгээр иргэдийг таслан зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/320 захирамж гарсны дагуу холбогдох хэлтэс, албад, ажлын хэсэгт орсон удирдлагууд хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтанд дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн II хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг холбогдох хэлтэс албад болон Хархорин худалдааны төвийн удирдлагууд хамтран ажиллажээ.
Энэ удаагийн шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлсэн иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг дүүргийн Өмч газрын харилцааны албанаас мэдэгдэх хуудас нааж, хуулинд заасны дагуу хоёр хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсоох, зогсоогоогүй тохиолдолд албадан татан буулгахыг анхааруулсан байна.