12.24

Ж.Бямбадорж: Өмгөөллийн тухай хуулийг батлах нь хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал нөлөө үзүүлнэ

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-  Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг саяхан УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх асуудлаар яриагаа эхлүүлье. Танай комиссоос гаргадаг “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийн зорилго юунд чиглэгддэг вэ? 

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар манай комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүр УИХ-д илтгэж байх үүрэгтэй. Жил бүрийн энэ илтгэлээр тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Энэ жилийн илтгэлийг ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалт, судалгаа болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар, яам, агентлаг болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн бэлтгэж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах чиглэлээр бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай асуудлыг, холбогдох санал зөвлөмжийн хамт УИХ-д өргөн бариад байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл нь төрийн эрх барих байгууллагаар дамжуулан Монгол Улсад хүний эрхийг хангах талаар зохих шийдвэр гаргуулж, хэрэгүүлэхэд чиглэгддэг. Энэ жилийн илтгэлийг бид хуульд заасан хугацаанд нь багтаан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн бариад байсан юм.

-  Энэ удаагийн 17 дахь илтгэлд ямар асуудлуудыг хөндөж байгаа вэ?
Энэ жилийн 17 дахь илтгэлд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, "Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” сэдэвт 5 бүлгийн хүрээнд нийт 16 асуудлыг хөндсөн асуудлын талаар УИХ-аар шийдвэр гаргуулахаар санал болгоод байна. 

-  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь өөрийн чиг үүргийн хүрээнд танай байгууллага аливаа хуулийг боловсруулах болон батлах хяналт тавих боломж байдаг уу? 
Манай комисс Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтыг зөрчиж байгаа эсэх, тэдгээрт нийцэж байгаа эсэхийг өөрийн бүрэн эрхийн дагуу хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл, шинээр боловсруулагдаж, батлагдаж байгаа хуулийн төслийг тодорхой хэмжээнд судлаж, хяналт тавьж ажилладаг. Яагаад гэвэл, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хөндөх, хязгаарлах асуудлыг зөвхөн хуулиар зохицуулахыг зөвшөөрсөн байдаг тул манай байгууллага энэ төрлийн харилцааг зохицуулсан хуулиудад илүү анхаарлаа хандуулан ажилладаг. Жишээ нь, бид ХЗДХЯ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн болон олон нийтийн дунд хэлэлцүүлж байгаа хуулийн төслүүдийг илүү судалж, байгууллагынхаа санал байр суурийг тухай бүр илэрхийлэн ажилладаг. Учир нь тус яамны эрхлэх асуудалд хамааралтай олон хууль тогтоомжид хүний эрхийг хөндөх, хязгаарлах зохицуулалт байдаг. Одоогоор тус яаман дээр ийм хэдэн хэдэн хуулийн төсөл боловруулагдан олон нийтэд танилцуулагдаж байгаа. Тухайлбал, хүний эрхийг хөндөх, хязгаарлах асуудал илүү их хөндөгддөг гол гол хуулиуд болох Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд олон нийтийн хэлэлцүүлэгт ороод явж байна. Мөн саяхан 11-р сарын эхээр хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн маш чухал хууль болох Өмгөөллийн тухай хуулийн төсөл Засгийн хуралдаанаар хэлэлцэгдэж, УИХ-д өргөн баригдахаар болоод байна. Би хувьдаа энэ хуулийг нэн даруй батлах чухал хууль гэж үздэг. Ер нь энэ хуулийг байхгүй болгосон нь манай улс хүний эрхийг хамгаалах асуудалдаа ухралт хийсэн.  

-  Та Өмгөөллийн тухай хуулийг онцолж байгаа тань миний сонирхлыг татаж байна. Өмгөөллийн тухай хуулийг батлуулахыг та дэмжиж байна гэсэн үг үү? 
Тэгэлгүй яах вэ. Би түрүүн хэлсэн хүний эрхийг хөндөх, хязгаарлах асуудлыг зөвхөн хуулиар зохицуулах ёстой гэж. Тэгвэл хүний эрхийг хөндөх, хязгаарлах үйл ажиллагааг хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан л хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн том эрх мэдэл болох “шүүх эрх мэдэл”-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүхэл бүтэн тогтолцоо зохион байгуулалт ажилладаг. Зарим хүмүүс үүнийг “төрийн машин” гэж ч ярьдаг. Үүний эсрэг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хувь хүн яалт ч үгүй хүчин мөхөсддөг. Энэ бол ямар ч төр, нийгмийн үед байсан асуудал. Харин хүний эрхийг дээдэлдэг нийгэм, төр засагтай улсад энэ асуудлыг тухайн хүний өөрийгөө өмгөөлөх эрхийг хуулиар баталгаажуулах, өмгөөлүүлэх эрхээр хангах зэрэг аргаар хамгаалж өгдөг. Манай улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхээ тунхаглаж, тус хуулийн Хоёрдугаар бүлэг бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг Олон улсын гэрээ конвенцийн зохицуулалтад нийцүүлэн хуульчлагдсан. Тиймээс өмгөөлөгчийн ажил, мэргэжил бол Үндсэн хуулийн статустай ажил мэргэжил гэж ойлгож болно. Нөгөө талаар, дээр миний хэлсэнчлэн өмгөөлөгч бол хүний эрхийг хязгаарлах хуулиар олгогдсон эрх мэдэл бүхий яллах талын эсрэг гэмт хэрэг, зөрчилд буруутгагдаж байгаа этгээдийн эрх, эрх чөлөөг хамгаалан оролцдог субъект. Тэгвэл өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хүний эрхийг хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах эрх мэдэл бүхий мөрдөх албад болон прокурор, шүүхийн байгууллагуудын хараат бус байдал, тэдгээрийн холбогдох албан тушаалтны эрх зүйн байдалд хамаарах хууль тогтоомжуудыг шинэчилж, зохицуулалтыг нь улам бүр боловсронгуй болгож, эрх мэдлийг нь нэмэгдүүлээд байгаа хэрнээ хүний эрхийг хамгаалах үүрэгтэй өмгөөлөгчдийг болохоор хуулийг нь байхгүй болгож, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг хумиад байгаад би хүний эрхийн комиссын даргын хувьд эмзэглэж явдаг. Өмгөөлийн тухай хуулийг үгүй болгоод уг хуулиар зохицуулж байсан зарим зохицуулалтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хамруулчихсан нь Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин баталгаа байхгүй болчихсон өмгөөлөгч хүний эрхийг хамгаалах чадваргүй болсон. Тиймээс Өмгөөллийн тухай хуулийг хурдан баталж, гаргах нийгмийн шаардлага үүсээд байгаа. Хууль гарснаар олон асуудал шийдэгдэх байх. Нэг хүн надад нэг онигоо ярьж байсан юм. Тэр онигоо маш их логиктой. Нэг хүн хэргээ шүүхээр шийдүүлжээ. Шүүгч нь хамгийн сүүлд “Танд төгсгөлийн үг гэж хэлэх зүйл байна уу?” гэж асууж. Тэгсэн “Үгүй ээ, одоо юу байх вэ дээ. Хэлэхгүй байя гэж бодсон болгоныг прокурор хэлчихлээ. Хэлье дээ гэж бодсон болгоныг өмгөөлөгч хэлчихлээ” гэсэн гэдэг. Ийм байвал өнөөдөр тэнд хэргээ шүүлгэж байгаа хүний эрх бүрэн хангагдаж байна гэсэн үг. Гэтэл ингэж чадахгүй л байгаа байхгүй юу.

-  Саяхан МУИС-ын багш доктор, дэд профессор О.Мөнхсайхан гэдэг хүн нэгэн нийтлэлдээ “...Өмгөөллийн тухай хуулийн батлагдвал Хуульчдын холбоог устгах аюултай учраас энэ нь хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх үр дүнтэй тогтолцооноос ухрах болно...” гэсэн байсан. Үнэхээр Өмгөөлийн тухай хууль гарах юм бол нийгэм дэх хууль дээдлэх зарчимыг бэхжүүлэх тогтолцоо алдагдана гэж үү?  
Би бол үүнтэй санал нийлэхгүй байна. Нэгдүгээрт, Өмгөөллийн тухай бие даасан хуультай байх асуудал бол хуульчид болоод Хуульчдын холбоо гэдэг байгууллагатай ямар ч холбоогүй. Энэ хууль бол Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан маш чухал хууль. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог гурван субъектээс төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг шүүгч, прокурорын эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан хууль нь байгаа хэрнээ хүний эрхийг хамгалан оролцогчдог өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан хуульгүй болгочихсон нь нөгөө “хууль дээдлэх” болоод “шударга ёсны” зарчимд чинь нийцэхгүй. Магадгүй “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар өмгөөллийн үйл ажллагаатай холбоотой харилцааг зохицуулчихсан гэж хэлэх байх л даа. Тэгвэл та бүхэн энэ хуулийг урьд үйлчилж байсан Өмгөөллийн тухай хууль болон одоо шинээр боловсруулагдаад байгаа Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй харьцуулаад үзээрэй. Энд агуулгын хийгээд зарчмын асар их ялгаа байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас өмгөөлөлтэй холбоотой харилцааг хүчингүй болгоход Хуульчдын холбоог устгаж барина гэж сүржигнээд байх юм байхгүй. Ер нь дэлхийн улс орнуудад хүний эрхийг хамгаалахын тухайд Өмгөөлөгчдийн бие даасан байгууллагатай байдаг. НҮБ-аас 1990 оны Куба улсын нийслэл Гаванад хуралдсан наймдугаар конгрессоос “Өмгөөлөгчийн үүргийн талаарх үндсэн зарчим”-ыг  батлан гаргасан байдаг бөгөөд энэ баримт бичигт “...өмгөөлөгчид нь өөрсдийн эрх ашгийг төлөөлсөн, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өмгөөлөгчдийн мэргэжлийн сонирхлыг хамгаалах бие даасан мэргэжлийн холбоог зохион байгуулах, түүний гишүүн нь байх, тухайн мэргэжлийн холбооны гүйцэтгэх албыг гишүүд нь сонгох бөгөөд тэр нь үйл ажиллагаагаа гадны оролцоогүйгээр явуулдаг байх...” зарчимыг баримтлан ажиллахыг гишүүн улс, орнууддаа уриалсан байдаг. Гэтэл одоогийн үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт болон Хуульчдын холбооны чиг үүрэг, явуулж буй үйл ажиллагаа энэ зарчмын дээр дурдсан шаардлага болон бусад олон шаардлагад огт нийцэхгүй байгаа. Харин урьд үйлчилж байсан 1994, 2002 оны Өмгөөллийн тухай хуулиуд бол энэ зарчимын шаардлагад илүү дөхсөн зохицуулалттай байсан. Мэдээж тэр үеийн хуулиадад засаж сайжруулах асуудлууд байсныг үгүйсгэхгүй. 

-  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны яг ямар асуудал нь таны яриад байгаа зарчимд нийцэхгүй байгаа юм бэ?
Яривал олон асуудал бий, гэхдээ бий зөвхөн байгууллагын зохион байгуулалтынх нь талаас яръя. Тухайлбал, шүүгч, прокурор Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй ба энэ байгууллагын удирдлага зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл ажиллагаанд шүүгч, прокурор оролцохоор  байгаа нь дээрх зарчмын “...өмгөөлөгч бие даасан мэргэжлийн холбоог зохион байгуулах, түүний гишүүн нь байх, тухайн мэргэжлийн холбооны гүйцэтгэх албыг гишүүд нь сонгох бөгөөд тэр нь үйл ажиллагаагаа гадны оролцоогүйгээр явуулдаг байх...” гэсэнтэй нийцэхгүй байгаа. Ер нь шүүгч, прокурор, өмгөөлөгч нар бие биенийхээ мэргэжлийн үйл ажиллагаанд хамааралтай шийдвэр гаргах, бодлогыг тодорхойлох зорилго бүхий байгууллагад нэгдэж болохгүй. Би энгийн жишээ хэлье. Шүүхийн тухай багц хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд шүүгч, прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах шийдвэр гаргах, бодлого тодорхойлох үйл ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх байхгүй биз дээ. Ийм байх ч боломжгүй, учир нь шүүн таслах ажиллагаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч өөр өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах чиг үүргийн хүрээнд хараат бус байдлаа хадгалах ёстой. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт нь өмгөөлөгчийн хараат бус байдалд нөлөөлж болох эрх зүйн үндэслэлийг бий болгочихсон шүү дээ. 

-  Таны ярианаас дүгнэхэд Өмгөөллийн хууль батлагдаж, Өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчилбал Хуульчдын холбоо байх шаардлагагүй болох юм биш үү. 
-Гадны зарим улсуудад “хуульч” гэхээр зөвхөн өмгөөлөгчийг ойлгодог. Гэтэл манайд “хуульч” гэхээр шүүгч, прокурор, өмгөөлөгчид бусад хуулийн мэргэжилтэй бүх хүнийг хамааруулаад ойлгочихдог. Сүүлд 2003 оноос тусгай шалгаруулалт давсан хүнийг хуульч гэдэг болсон. Тэгэхдээ л бүгдийг хамааруулаад байгаа. Би Хуульчдын холбоо байх шаардлагагүй гэж хэлээгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хүрээнд Хуульчдын холбоо байж болохыг би үгүйсгэхгүй. Ийм холбоо байх ёстой гэж үзвэл энэ холбооны чиг үүрэг, үйл ажиллагаа нь шүүгч, прокурор, өмгөөлөгчийн хэнийх нь ч мэргэжлийн үйл ажиллагаанд хамааралгүй байх ёстой. Ийм байдлаар хууль, эрх зүйн орчноо бүрдүүлээд хуульчийг сонгон шалгаруулах, хуульчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж болох юм.  

-  Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.