Монгол Улсад байгаа хорих ангиудад ном хандивлах зорилгоор “Итгэл сэтгэлийн гүүр” сангаас номны хандивийн аяныг өрнүүлж эхэлжээ. Тус аяныг С.Билигсайхан эхлүүлж 146 ширхэг утга уран зохиолын ном хандивласан байна.
Хугацааг энэ сарын 16-наас ирэх долдугаар сарын 16 буюу хоёр сарын хугацаанд явуулах юм. Номын хандивын аян ямар ч номыг хүлээн авах ба хүүхдийн хорих анги, эмэгтэйчүүдийн хорих анги, эрчүүдийн хорих анги гэж ангилж явуулах гэнэ.
Хорих ангиудад ял эдлэж байгаа хүмүүс хэрэв ном унших юм бол ял шийтгэлээс нь хоногоор хасагддаг журамтай ажээ. Тэгэхээр тэдний оюунд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй тэдний хичээл зүтгэлийг үнэлэх боломжтой болж, мөн элэг бүтэн амьдрах хугацааг нь нэмж маш том буян хийж байгаа хэрэг юм.
Та бүхэн өөрт байгаа номнуудаас тэдэнд дэм болгон хандивлаж аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Тус аяныхан долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр Ялалтын талбай дээр албан ёсоор номнуудаа хүлээн авах юм байна.
Бусад өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт буюу 17-р сургуулийн чанх ард “Хантайшир” сургуулийн байранд хүлээн авна. Авчирч өгөх боломжгүй хүмүүсээс очиж авах боломжтой юм байна. “Итгэл сэтгэлийн гүүр” сантай та бүхэн 88197878 96053707 утсаар холбогдож болно. Мөн “Итгэл сэтгэлийн гүүр сан” гэсэн фэйсбүүк хаягаар холбогдож болох нь ээ.