01.10

Авто тээвэр, өргөх механизмын хууль, тогтоомжийн хэрэгжилт 12 хувиар сайжирчээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд авто тээвэр, өргөх механизмын хяналтын чиглэлээр 34 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Шалгалтаар нийт 177 зөрчил дутагдал илрүүлэн улсын байцаагчийн 10 албан шаардлага, зургаан зөвлөмж өгч хэрэгжилтэд нь хяналт тавьсан байна. Аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа гурван авто кран, хоёр манипуляторт кран, 11 лифт, нэг сагстай өргөгч,нэг авто лифт, зургаан далд уурхайн өргүүрт тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллагаар техникийн магадлал туршилтыг хийлгүүлж, операторуудыг сургалтанд хамруулан үнэмлэхжүүлснээр гарч болох осол аваараас урьдчилан сэргийлжээ. Техникийн магадлал туршилт хийлгээгүй, ашиглах зөвшөөрөлгүй ажиллаж байсан өргөх механизмыг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн шалгаж, торгуулийн арга хэмжээг ногдуулан зөрчлийг арилгуулсан.

Орон нутгаас хот хооронд ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй иргэд нь тусгай зөвшөөрөлгүй, авто тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангахгүй байсан тул аймгийн Засаг даргад санал хүргүүлж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарахыг хүсчээ. Авто тээвэр, өргөх механизмын хууль тогтоомжийн хэрэгжилт аймгийн хэмжээнд 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12%-иар өссөн үзүүлэлттэй байна.