02.12

Ц.Нямдорж сайд Б.Хурцыг цагаатгах шүүх хурлын сургаар сандрахын учир юу вэ

“ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагаатгах шүүх хурал ХБНГУ-д болж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Л.Эрдэнэчулуун нарыг дуудах уу” гэх мэдээлэл У.Хүрэлсүхийн танхим дахь хамаг шударга сайдыг Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн айдас хүйдэст автуулав бололтой. УИХ-ын чуулганы үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ” гэж сүржигнэж байсан Ц.Нямдорж сайд энэ удаад Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө дээрх мэдээллийг няцааж чадсангүй. Харин эрх мэдэл, албан тушаалаараа түрээ барьж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс “ХБНГУ-ын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын иргэдийг шүүх хуралд оролцуулах талаар ямар нэгэн албан ёсны хүсэлт, мэдээлэл ирүүлээгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэх утгатай мэдэгдлийг гаргуулжээ. За энэ ч яах вэ, шударга сайд нь ажилтнууддаа үүрэг өгч мэдэгдэл бичүүлээд хэвлэлүүдээр тараалгаа л биз. Харин Б.Хурцыг цагаатгах эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг ХБНГУ-д хараахан товлоогүй, товлосон тохиолдолд Монголын талаас хэн хэн гэдэг эрхмүүдийг хариуцагч, гэрчээр татах вэ гэдгийг шийдвэрлээгүй байхад Ц.Нямдорж сайд сиймхийг ашиглаж, сурсан зангаараа медиа тоглолт хийж буй нь энэ биз ээ. Түүнээс биш манай “Мэнгэт” шүүх хурлын процессийг мэдэхийн дээдээр мэдэлгүй яах вэ. 
Зурагт ч үгүй, байр ч үгүй, түрээсийн байранд амьдардаг Ц.Нямдорж сайдыг өмсөх цамц ч үгүй болгох шахдаг гол сэдвүүд нь “Эрдэнэт” үйлдвэр, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг... Шударга сайдыг камерын өмнө улалзуулдаг дээрх сэдвүүдийн учиг зангилааг хөвөрдвөл сонирхолтой таамаглал, хувилбаруудыг ч дэвшүүлж болохоор. Тухайлбал, С.Зориг амиа алдсан, түүнийг хөнөөсөн гэмт этгээдүүдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 500 сая төгрөгөөр шагнана гэсэн Ц.Нямдорж сайдын амлалт, Д.Энхбат агсныг Францаас Монголд авчирсан явдал, Д.Энхбат агсны өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан гэх хэрэгт 2004 онд буруутгагдаж байсан өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн зүгээс Ц.Нямдорж сайдын талаар хэлсэн ноцтой үгс, мөн Н.Энхбаяр 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр өс зангидсан түүх, улс төрд хаан, заан мэт нөхөрлөж явсан тэднийг түнжин хагарсны дараахан Б.Хурц Англид саатуулагдсан, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчдийг илрүүлж шүүхээс ял оноосон, Ганцхудагт тэднийг шүүх хурал хаалттай болох үед Ц.Нямдорж сайд Төрийн ордонд гэмт хэрэгтнүүдийг “өмгөөлсөн” утгатай мэдэгдэл хийж суусан, Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа “С.Зориг амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг Ц.Нямдорж сайд удаа дараа тараасан” гэж мэдэгдсэн, түүнийг ийм утгатай мэдэгдэл хиймэгц Ц.Нямдорж сайд “ТЕГ-ын даргыг тун удахгүй солино” гэж хэлсэн гэхмэтчилэн үйл явдлыг он дараалал, логик холбоосоор нь хөөж үзвэл гол зангилаан дээр нь нэг л хүн зогсож байдаг нь яах аргагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж юм. Тагнуулын ажилтнууд төрийн тусгай үүрэг гүйцэтгэж, Д.Энхбат агсныг хилийн чинадаас Монголд авчрах үед ч тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, Н.Энхбаяртай шадарлаж явав. Тэгэхээр Б.Хурц тэргүүтэй тагнуулчдад Д.Энхбат агсныг авчрах үүргийг хэн анх өгөв, тухайн үед Д.Энхбат агсны өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Санжаасүрэнг “Төрийн нууц задруулсан” гэх хэрэгт 2004 онд буруутгаж ял шийтгэл оноох болсон нь ямар учиртай вэ, тэр хэн гэдэг эрх мэдэлтэнд “гай” болов, Л.Санжаасүрэн өмгөөлөгч Ц.Нямдорж сайдад 2003 оны аравдугаар сарын 01-нд бичсэн захидалдаа “Ардчилсан хөдөлгөөний удирдагч асан С.Зориг алагдсан гэмт хэргийг  илрүүлсэн хүнийг 500 сая төгрөгөөр шагнана” гэсэн сайд таны санаачилгыг бизнесийн нүдээр хэт их  шохоорхсон ТЕГ нь уг 500 сая төгрөгийг нааш цааш  болгох үйл ажиллагаа сэдэж хэрэгжүүлсэн ч санасандаа хүрээгүй  бололтой. Энэ бохир ажиллагаанд төр засгийн байгууллага, тухайлбал сайд Ц.Нямдорж та биечлэн оролцоогүй юм бол үүнийг та л таслан зогсоож чадна. Гэхдээ үүнд би их эргэлзэж байна. Яагаад гэвэл, эрхэм сайд таны удаа дараагийн мэдэгдлээс харвал, дээрх бохир ажиллагааг харин ч та л сэдэж санаачилж,  удирдсан  юм шиг. Зорилго нь уг цуст аллага үйлдэгчийг илрүүлэхдээ юү, эсвэл таны сэдсэн, улсын төсвөөс гаргах 500 сая төгрөгийг өөр хоорондоо хуваах үгсээ байв уу гэдэг эргэлзээ ч төрүүлж эхэллээ” гэж дурдсан, мөн үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг болох Б.Хурцын нэрийг хэн ил болгож төрийн нууц задруулсан бэ зэрэг ээдрээт явдлуудыг хөвөрдөхөд ч сайд Ц.Нямдоржийн нэр нэг бус удаа дурдагдана. Ингээд харвал, энэ Ц.Нямдорж сайд ер нь хэн юм бэ. С.Зориг агсан амиа алдсан хэрэгтэй холбоотой сэдвүүд олны анхаарлыг татаж эхэлмэгц тэр яагаад чанга дуугарч эхэлдэг вэ. Талийгаачийн ар гэрийнхэн төдийгүй монгол хүн бүр “Энэ хэргийн захиалагч, гэм буруутнуудыг илрүүлээсэй” гэж хүсдэг байхад тэр яагаад уурлаж, дургүйцэж, өөрийнх нь эсрэг зогссон болгонтой дайн зарладаг вэ. Тэр ч атугай Төрийн ордныг гол тайзаа болгож байгаад гав ганцаараа орилж суудаг нь хачирхалтай бөгөөд сэжиг төрөм биш гэж үү. Энэ удаад ч мөн адил. Б.Хурцыг цагаатгах эсэх тухай хугацаа нь тодорхойгүй шүүх хурлын тухай мэдээлэлд Н.Энхбаяртай хамт нэр дурдагдсан биш яамныхаа нэр дээр мэдэгдэл гаргуулж сандарч байгааг нь! Эндээс харвал, тэр их айдастай байна. Хэрэв ХБНГУ-ын шүүхээс Б.Хурцыг цагаатгах шүүх хурлыг албан ёсоор товлож, Монголын хамаг шударга сайд Ц.Нямдоржийг энхрий хайрт Н.Энхбаяр даргатай нь хамт дуудаж үнэнийг асуувал яах болж байна вэ. Шүүх хурлын үеэр “Д.Энхбатыг авчрах даалгаврыг тагнуулын ажилтнуудад хэн гэдэг албан тушаалтан өгсөн бэ, тагнуулч Б.Хурцын нэрийг илчилж төрийн нууц задруулсан эрх мэдэлтэн хэн байв, тэр ч атугай өрнөдийн хууль хяналтынханд түүнийг Англид зорчих гэж байгаа тухай мэдээллийг өгсөн албан тушаалтан хэн бэ” гэхчлэн асуувал Ц.Нямдорж сайд ямар мэдүүлэг өгөх бол...!? Шударга сайд Ц.Нямдорж энэ үеэр л сүүлчийн цамцаа урж балрахвий.