02.26

Хүнд хэдэн найз хэрэгтэй вэ

Нэгэн хөвгүүн цэцэн хүнээс ийн асуужээ: 

– Мэргэн багш минь, хүн хэдэн найзтай байх ёстойг надад хэлж өгөөч? “Зуун төгрөгтэй байснаас зуун нөхөртөй байсан нь дээр” гэдэг үг байдаг. Гэвч би олон найзтай болвол бүгдэд нь зав гаргаж чин сэтгэлээсээ хандаж чадахгүй юм шиг санагдах юм. Тэгээд ч ямар хүн болох, жинхэнэ ёсоор нөхөрлөж чадах эсэхийг нь хараад мэдэх аргагүй шүү дээ гэв. 

Мэргэн багш хариуд нь: – Хариултыг чи өөрөө олж мэднэ. Тээр тэнд байгаа алимны модыг харж байна уу? Энэ бол дэлхийн хамгийн өндөр алимны моддын нэг. Орой дээрээс нь надад нэг алим аваад ирээч. Хүү толгойгоо гэдийлгэн дээш харвал алимны мод наранд гэрэлтэн харагдав. 

Тэр: Багш минь, энэ чинь маш өндөр мод байна шүү дээ. Яаж би жимсэнд нь хүрэх юм бэ? гэжээ. Хариуд нь багш: 

– Харин тийм болохоор чи найзыгаа дуудаж, та хоёр хамтдаа авах гээд оролдоод үз л дээ. Ингээд хүү нэгэн танилаа дуудаж ирүүлээд, мөрөн дээр нь гарч зогссон боловч модны орой хүртэл хол байлаа. 

– Хүрэхгүй нь ээ гэж хүү гутрангуй бувтналаа. 

– Чамд өөр найз байхгүй юм уу? хэмээн цэцэн ухаантан инээмсэглэв. Тэр ахиад хэд хэдэн хүн дуудаж гэнэ. Тэгээд тэд нэг нэгнийхээ мөрөн дээр гарч зогсоод гар сунгасан ч “амьд пирамид” нурж, хүмүүс газарт унасан тул модны оройд хүрч чадсангүй. Энэ бүхнийг харж зогссон цэцэн багш тэднийг дуудаж ирүүлээд, ийн асууж гэнэ: 

– Хүнд хэчнээн жинхэнэ нөхөр хэрэгтэйг та нар одоо ойлгов уу? 

– Тийм ээ, Багштан минь, би ойлгосон, гэж хариулахдаа хүү шалбарсан өвдгөө үрж зогслоо. “Аливаа асуудлыг шийдэж, бэрхшээлийг хамтдаа даван туулахад олон найз хэрэгтэй юм байна!” гэж хүү хэлэв. Цэцэн хүн толгойгоо сэгсэрч: 

– “Олон хүн хэрэгтэй ч байж мэднэ. Аль эсвэл шат авчрах хэрэгтэйг сэтгэх ганцхан ухаалаг хүн байхад хангалттай байж болох юм” гэж хэлээд явж одлоо.