Цахилгаан түгээх сүлжээнд өчигдөр өглөө 09:00 цагийн үед гал гарсны улмаас Улаанбаатар хот даяар цахилгаангүй болов. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн ээлжийн инженерээс тодруулахад “Улаанбаатар буюу 220 вольтын дэд станцад гал гарсны улмаас хот даяар тог тасарлаа. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Ямартай ч галыг бүрэн унтрааж, гэмтлийг засч, хэрэглэгчдийг эхнээсээ цахилгаанаар хангаад байна. 10:00 цагийн үед хотын баруун бүсийн тогийг сэргээсэн. Одоо зүүн бүсийн тогийг сэргээхээр ажиллаж байна. Засвар хэдэн цагт дуусах нь тодорхойгүй ч өнөөдөртөө багтана” гэсэн хариулт өглөө. Цахилгаан тасарсны улмаас гэрлэн дохио ажиллахгүй, замын хөдөлгөөнд хүндрэл үүссэн юм. Замын цагдаагийн алба хаагчид зарим гол уулзварт зохицуулалт хийж, замын хөдөлгөөнийг хэвийн болгож байлаа.