03.14

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2019.03.14) Дэлхийн банк группын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хариуцсан менежер Дийпак Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

     Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг сайжирч, оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого давсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ эерэг үзүүлэлт цаашид нэг жилдээ хадгалагдах байх хэмээн дүгнэж байлаа. Мөн тэрбээр, төсвийн орлого давж байгаа ч төсвийн тэнцэл, валютын ханш, ханшийн гадаад урсгалыг багасгахад Засгийн газар бодлогын  томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаад Дэлхийн банкнаас үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн II, III шатны санхүүжилтийг  гэрээний дагуу авах шаардлагатай байна гэв.

    Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг гурван үе шаттайгаар авахаар тогтсон билээ.

    Ноён Дийпак Мишра нь энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах хугацаанд Төсвийн байнгын хорооны даргатай уулзах хүсэлтийг нь хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилгоор “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хөгжлийн бодлогын зээлийн EMSO2 хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гүйцэтгэлийн явц мөн дараагийн алхмуудын явцын талаар мэдээллээ. Мөн тэрбээр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улс бодлогын 10 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсаны тав нь бүрэн хэрэгжиж, дөрөв нь эхний улиралд биелэх боломжтой байгаа учир  хоёр дахь шатны зээлийн бэлтгэл ажил хангагдаад байгааг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.