03.19

Хавар эмчилсэн харшил дахидаггүй

-ХАРШЛААС САЛЪЯ ГЭВЭЛ ШАРГАЛЖУУТЫГ ЗОРИОРОЙ-

Маш хурдацтай хувьсан буй дэлхий ертөнц хийгээд нийгмээс шалтгаалан хүн төрөлхтний амьдралын хэв маяг өдөр тутам өөрчлөгдсөөр байна. 

Үүнийгээ дагаад хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг үр дагаврууд ихээхэн гарч ирсээр байгааг Та бид харж, сонссоор сууна. Шинэ төрлийн өвчин эмгэг өдөр бүр анагаах ухаанд бүртгэгдэж, аюулын харанга дэлдсээр “хаалга тогшиход” бэлэн байгаа. Тэр ч утгаараа дэлхий ертөнцийн чиг хандлага “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе” гэдэг зарчмаасаа буцаж эргээд байгалиа шүтсэн, “экологийн цэвэр” гэдэг нэр томьёо, амьдралын хэмнэлийг чухалчлах болжээ.

Эрүүл амьдралын хэв маягийг чухалчилъя

Манай улсад ч мөн ялгаагүй хотжилт эрчимтэй явагдаж, нийт хүн амын гуравны нэг нь нийслэлд бүгж байна. Агаар, хөрсний бохирдол нэмэгдэж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартаас зургаа дахин бага байгаа энэ үед иргэдийн эрүүл мэндэд аюулын харанга дэлдсээр. Өнөөдөр айл бүрт дор хаяж харшилтай нэг хүн байдаг болжээ. Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн нас залуужиж байгаа зэрэг нь өнөөх л амьдралын хэв маягаас шалтгаалж байгаа юм. Байгаль дээр төрж, байгалаас ундаалж, байгальтай шүтэлцэн амьдарч ирсэн хүн гэгч хотжилт гэх зүйлийг бүтээж байгалаас хэтэрхий их холдсоныг эдгээр зүйлс баталж байгаа юм. Нэгэнт хүний нийгэм эдгээрийг бүтээсэн эргээд хүн бүтсэн түүх рүүгээ буцъя гэх нь өрөөсгөл ч цэвэр агаарт гарч, рашаан сувилалд эмчлүүлж, шувуудын жиргээ, голын урсгал, цэлмэг тэнгэр, цэцэг ногооны өнгө, үнэрийг мэдрэх нь чухал. Өөртөө цаг гаргаж, агаарт гарч, амралтад явж, сувилалд эмчлүүлэх хэрэгтэй. Үүгээрээ анагаах ухааныг үгүйсгээгүй ч уламжлалт анагаах ухаанд итгэх хэрэгтэйг хэлж байгаа юм. Тэр тусмаа хаврын тарчиг цагт эрүүл мэнддээ анхаарах нь эргээд өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт билээ. Учир нь яг энэ цаг мөчид хүний ужиг өвчнүүд сэдрэх, нэмэгдэх зэргээр эрүүл мэнд доройтдог.

Тэгэхдээ эрүүл мэнддээ анхаарах нь эм тариагаар бөмбөгдөхийг хэлэх үү, эсвэл гэдэг асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт хайсан юм. Японы Киюшу их сургуулийн профессор Санетака Ширахата 35 жилийн турш судалж баталснаар устөрөгчийн ионы өндөр агууламж бүхий рашаанд явснаар өнөөгийн хүмүүсийн асуудал болоод буй харшлыг 99 хувь, чихрийн шижин,саажилттай хүмүүсийн 88 хувь, арьсны өвчинтэй хүмүүсийн 96, хоол боловсруулах эрхтний өвчинтэй хүмүүсийн 91, үе мөчний хэрх өвчний 87 хувь нь эдгэрсэн гэдэг. Энэхүү устөрөгчийн ионтой рашаан дэлхий дээр гарын арван хуруунд багтам байдгийн нэг нь Монголын Шаргалжуутын рашаан юм. Устөрөгчийн ионоороо дэлхийд тэргүүлдэг Мексикийн рашаан дахь агууламж нь 1000 милграмм бол Шаргалжуутын рашааных түүнээс тун дутахгүй, 700 милграмм юм. Рашаан судлаач Японы эрдэмтэн Мацуда Тоданари Шаргалжуутын рашаанд судалгаагаар мөн устөрөгчийн өндөр агууламж нь нотлогдсон юм. Тэрээр, энэ тухай тайлбарлахдаа “Шаргалжуутын рашааны гол ундаргад устөрөгчийн ион ихээр агуулагдаж байна. Тэр нь амархан дэгдэхгүй идэвхтэй байгааг туршилтаар тогтоолоо. Ингэснээр тус рашааны анагаах чанар нь 95 хувьтай байгаа юм. Рашаанд агуулагдаж байгаа устөрөгчийн ион нь газрын гүнээс ундран шууд агаарт дэгддэг. Тиймээс рашааныг уух, уураар утах, мөн рашаан доторх агаараар амьсгалах, халсан хад, чулуун дээр хэвтэх болон рашаанд орсноор устөрөгчийн ион нь хүний биед шингэнэ” хэмээсэн байдаг.

Энэхүү устөрөгчийн ионтой рашаанд суухын ач холбогдлыг эрдэмтэд мөн тайлбарлажээ. Хүний бие тасралтгүй үргэлжлэх цусны эргэлтээр тэжээгдэж байдаг. Хөдөлгөөн эсвэл идэвхжилээр түүнийг тэтгэхгүй бол удааширч хөгшрөлт болон янз бүрийн өвчин үүсдэг. Тэгвэл устөрөгчийн ионтой рашаанд ороход хүний бие дотроосоо халдаг. Ингэснээр цусны эргэлт сайжирдаг. Хар ухаанаар бодоход л энэ тун энгийн зүйл юм. Устөрөгчийн ион хүний эд эс рүү тун амархан шингэдэг тул хоол боловсруулах үйл явцыг түргэсгэж, зөнөх, чихрийн шижин, судасны хатуурал, зүрх судас, тархины өвчин, харшил зэрэг өвчнийг анагаахаас гадна үрчлээтэх, нүүрний арьс сулрах, харлах гэх мэтийг багасгадаг байна. Тэгэхээр “завгүй” гэдэг үгээ түр хойш нь тавиад зав гаргаад агаарт гарч, сувилалд явж, байгальд ойртохыг эрхэм болгох нь өнөөгийн хүмүүст чухал байгаа юм.

Харшил удаан даамжирвал аминд хүрнэ

Өмнө дурдсанчлан хотжилтоос шалтгаалан олон төрлийн өвчин хүн амын дунд үүсэх болсон. Түүний нэг нь харшил юм. Энэ нь зөвхөн манай улсад ч бус дэлхий нийтийн “толгойн өвчин” болоод буй. Өөрөөр хэлбэл, дэлхийн долоон тэрбум хүний 40 хувь нь харшилтай гэдэг статистикийг олон улсын байгууллагаас зарласан. Гэтэл үүний 26-40 хувь нь ургамлын тоосны харшил аж. Харин манай улсын тухайд таван хүн тутмын нэг нь харшилтай. Харшилтай хоёр хүний нэг нь ургамлын тоосны харшилтай гэнэ. Ургамлын харшлын хамгийн том шалтгаан нь ердөө дархлааны тогтолцоо. Яагаад дэлхий дахинд тэр тусмаа манай улсад хүн амын дархлаа муу байгааг эрдэмтэд байгальтай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүн байгалийн бүтээгдэхүүн. Хүн байгальтай ойр байж, халахдаа халж, хөрөхдөө хөрж, мөн байгалийн гэрэл, агаарт байснаар дархлаа тогтож, эрүүл байх юм. Сүүлийн үед хүмүүс хотжиж, байгалиас хөндийрч байгаа тул байгалийн гэгдэх зүйлд эмзэг болж байна. Тиймээс ч хүм амын дунд ургамлын харшил нэмэгдэж байгаа гэдгийг тэд учирлаад буй.

Харшлын хамгийн аюултай бөгөөд “хар” нөлөө нь удамшилд нөлөөлөх юм. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол харшилтай хүүхэд төрөх магадлал 50 хувь байдаг бол харшилгүй эцэг, эхээс харшилтай хүүхэд төрөх магадлал үүнээс хоёр дахин бага байдаг юм байна. Харин эцэг, эх нь хоёулаа харшилтай бол 75-80 хувийн магадлалтай байдаг. Ингэхээр харшлыг аль болох дархлаагаа дэмжих замаар хурдан “дарах” хэрэгтэй гэнэ. Хүмүүс “Энэ зуныг л давбал, харшил байхгүй болно” гэсээр хэнэггүй зангаасаа болж даамжруулдаг гэдгийг эмч нар хэлж байлаа. Ийнхүү харшлаа тоохгүй, удаан даамжруулан явсаар амьсгалын замын салст хөөж, шүүрэл ялгаруулж амьсгалын замын өвчин үүсгэдэг байна. Ингэснээр астма үүсдэг. Астма нь цаашлаад амь насанд халтай байдалд хүргэдэг. Тэгвэл харшлыг өмнө дурдсан устөрөгчийн ионтой рашаанд сууснаар бүрэн эдгээх боломж бий. Харшлын хамгийн оргил үе зургаа, долоодугаар сард байдаг. Мөн намрын сард. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр зургаадугаар сард 7554, долоодугаар сард 6484, наймдугаар сард 8274 хүн эмчлүүлж, оношлуулжээ. Ингэхээр харшил энэ саруудад тун их байдаг нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн харшил залуужиж байгааг эмч нар онцлоод буй. 6-10 насныхан хүртэл  харшилтай болж, нүд улайж, хамар нь битүүрсэн орж ирдэг болсон гэнэ. Ингэхээр хүн амын дунд харшил ямар их дэгдэж байгаа нь тодорхой. Харшлын хамгийн дарагч бол яах аргагүй дархлаа гэдгийг анагаах ухаан хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн харшлыг эм тариа гэхээсээ илүүгээр амралт, сувилал, рашаан, сайн хоол хүнс анагаадаг гэдэг. Тухайлбал, харшилтай хүмүүс дөрөв, тавдугаар сард рашаан сувилалд явбал үр дүнтэй байдаг байна. Учир нь харшлын идэвхтэй сар эхлэхээс өмнө устөрөгчийн ионтой рашаанд сууж дархлаагаа дэмжсэнээр хүний бие харшлын эсрэг тэсвэртэй болдог. Мөн дөрөв, тав, эсвэл өвлийн саруудад бороо ороогүй байдаг тул тухайн рашааны устөрөгчийн ион илүү хүчтэй байдаг. Зуны саруудад бороо орсноор рашаан дахь устөрөгчийн ион хурын усанд багасдаг. Тэгэхээр аль болох хавар, намрын саруудад Шаргалжуутын рашаанд явбал илүү үр дүнтэй байх нь. Гэвч хүмүүс харшлаа эхэлсэн хойно идэвхт саруудад нь эмчилгээ хийлгэж, төдийлөн үр дүнд хүрдэггүй байна. Хэрэв харшлын эсрэг горманы  эмчилгээ хийлгээгүй бол хавар, намрын улиралд рашаанд суувал бүр хурдан эдгэрдэг. Харшил нь дөнгөж эхэлж байгаа хүн 10 хоног, харшилтай удаан явсан бол 14 хоног явах бөгөөд жилд хоёр удаа рашаан эмчилгээнд ороход харшлаас бүрэн “салж” чадах нь. Хэрэв хавар, намартаа тогтмол Шаргалжуутын рашаанд эмчилгээ хийлгэвэл харшил дахихгүй гэдгийг ч эмч нар хэлж байна.

Дэлхийд хуруу дарам байдаг устөрөгчийн ионтой Шаргалжуутын рашаан

Монголчууд эртнээс байгалиа түшиглэн амьдарч, рашаанд сууж архаг өвчнөө эдгээж, байгалийн амьд жимс, ангаар хооллодог түүхтэй ард түмэн. Сүүлийн жилүүдэд байгалиас холдож байгаа ч бид тэрхүү түүхээ үргэлжлүүлэн байгальдаа ойр амьдарсаар. Түүнчлэн анагаах увидаст рашаан сувилал ч олон бий. Тэр дундаас хамгийн олон өвчин анагаах чадвартай, байгаль өөрөө бүтээсэн гайхалтай тогтоц, увидаст, мөн дэлхийд хуруу дарам цөөн байдаг устөрөгчийн ионы агууламж өндөртэй Шаргалжуутын рашааны онцлогоос танилцуулъя.

Хүмүүсийн дунд хэдийнэ танигдсан Шаргалжуутын рашаан нь далайн түвшнээс дээшэ 2150 метр өндөр уулын бэлд байрладаг. Эрүүл мэндийн яамнаас албан ёсны магадлан итгэмжлэгдсэн тус рашаан, сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд Шаргалжуут голын эрэг дээр байрладаг. 300 гаруй төрлийн рашаантай газрын гүнээсээ минут тутамд 4000 гаруй литр рашаанаар урсдаг. Ингэхдээ рашаан бүр нь зориулалт шинж чанар халууны хэмжээгээрээ өөр байдаг юм. Тухайлбал, хүйтэн рашаан нь 23-30 градус бол халуун бүлээн нь 30-45 градус, халуун рашаан нь 50-86 градус хүрдэг. Харин оргилон буцлах рашаан нь 90-96 градус байдаг. Хамгийн сонирхолтой нь рашаан бүр нэг хаднаас зэрэг урсдаг атлаа бүгд өөр амттай, өнгөтэй, хүхэрлэг, гашуун, исгэлэн, амтгүй, давстай, улаан, шаргал, ногоон, хар гэх мэт.

Тухайлбал, Шаргалжуутын халуун рашаанд улаан, ногоон, хар, улбар шар, хар халтар зэрэг өнгө бүрийн замаг ургадаг. Эдгээрийг бүтэц найрлагаас нь шалтгаалан өөр өөр өвчин анагаахад ашигладаг байна. Уламжлалт анагаах ухаанд ногоон замгийг арьс, судасны өвчинд ашигладаг. Мөн уур манан савсан цайвартах халуун рашаанд нь зүрх, судас, даралт ихсэх, багасахаас сэргийлэх олон төрлийн эмийн ургамлууд ургадаг. Шаргалжуутын халуун рашаан доторх халдаг Бигнүүрийн хад, чулуу нь дотор эрхтэн, ууц, нурууны өвчнийг эмнэдэг. Тухайн халуун чулуун дээр хэвтэж, мордож, сууснаар биеийг бигнэн халааж анагаадаг зориулалттай юм.

Халуун рашааны шид ийм бол хүйтэн рашаанд ч гэсэн онцгой шид бий. Байгалийн жамаараа хадны ёроолоос харгин урсах хүйтэн рашаан булгууд нь тус тусын найрлагатай боловч бүгдэд нь барагшун байдаг. Барагшуны шидийг нэрлээд барахгүй. Тэр тусмаа элэгний өвчний “эрлэг” гэдгээрээ алдартай “Хаан рашаан” аж.

Ингээд давуу талыг нь тоочоод байвал Шаргалжуутын рашаан нь Монгол орны шингэн ашигт малтмалын хамгийн том орд гэхэд болох юм. Тодруулбал, хоногт 6-7 сая литр рашаан байгалийн жамаараа урсдаг. Нийтдээ 10 гаруй га газрыг хамарсан байгалийн эмчилгээний хамгийн том орд. Хүний бие эрхтний хэлбэр, дүрстэй хад чулуунаас анагаагч рашаанууд ундардаг. Ямар эд эрхтэнд сайн гэдгийг рашааны урсац, хадны хэлбэрээс харж болдог. Тухайлбал, хүний ясны хэлбэртэй кальци гаргадаг рашаан бий. Мэдээж кальци ясны хамгийн сайн “эм”. Түүнчлэн дуу авиагаар гардаг рашаан ч байдаг. Ийм олон төрлийн анагаах увидаст рашаанууд нэг дор бүрэлдэн тогтсон, ингэхдээ байгаль өөрөө бүтээсэн газар дэлхий дээр хаана ч байхгүй. Тэр нь Монголд, Шаргалжуутад л байна даа.

Жич: Дор байгаа линкээр орж Эрүүл мэндийн экспо-гийн талаар мэдээлэл аваарай.

https://prezi.com/p/9ybyd7xjils_/health-expo/?fbclid=IwAR062aM4rwm5vJ2HOGEAC3cyp32u3mVd4H-MJQMUrGu9UNHVm8PVIjH3GHs