03.21

Дэлгэцийн донтолтоос хэрхэн сэргийлэх вэ

АНУ-д хийгдсэн судалгаагаар 2 настай хүүхдүүдийн 90% нь эцэг, эхчүүдийнхээ ухаалаг утсаар , таблетаар дамжуулан интернет анх удаа хэрэглэж үздэг гэсэн тоо баримт гарчээ.

5 настайгаас эхлэн хүүхдүүдийн 50% иас дээш хувь нь ухаалаг утас, таблет , компьютер тоглоом , интернетийг тогтмол хэрэглэж байна.

12-17 насны өсвөр үеийнхний 95% нь интернетийг тогтмол хэрэглэж 80% нь сошиал медиа идэвхтэй хэрэглэгч байна. Дунд сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн интернет болон компьютер тоглоомд зарцуулж байгаа хугацаа нь гэр бүлийнхэнтэйгээ байгаа хугацаанаас хэд дахин их байна.

Дэлгэцийн донтолтоос болж  сэтгэц, зан төрх, бие махбодын талаас өөрчлөлт илэрдэг.

-Хүүхэд огцом ууртай болох
-Анхаарал тогтворгүй
-Нойр муутай
-Хар дарж зүүдлэх, шүдээ хавирах, зүүдэндээ ярих босч явах
-Сэтгэл санаагаар хямрах  шинж илэрч хүүхэд худлаа ярих, хулгай хийх, хичээлдээ сонирхолгүй болох, гэрээс дайжих , хорт зуршилд автах байдлаар муу нөлөөллийг үзүүлдэг байна.

Аливаа ямар нэгэн зүйлд хэт автаж донтохоос сэргийлэх зүйл бол хэт дурлаж донтож байгаа шалтгаанаас бага багаар хөндүүрлүүлж өөр олон зүйлд хөгжилдөх боломжтой гэдгийг мэдрүүлэх явдал юм.

Эцэг эхчүүдийн хүүхдэдээ зориулах анхаарал, халамж дутагдах хүүхдүүдтэйгээ хамт ярилцах, хамтдаа өнгөрөөх цаг багассанаас болох, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж  хүүхэд сэтгэлзүйн хямралд өртөж аливаа зүйлд уруу татагдах, хэт донтох, ганцаардах, сэтгэлзүйн таагүй байдалд өртсөнөөс болдог.

Мэдээж хүүхэд бол аль нь зөв, аль буруу гэдгийг ялгаж салгах нь ухаарахад балчир байдаг учраас томчуудын сургамж, хараа хяналт, үлгэрлэн дуурайлалт хүүхдэд зайлшгүй хэрэгтэй юм.

Буруу зүйлийг хэлж ойлгуулж зөв зүйлийг нь урамшуулж дэмжих нь хүүхдийг зөв хүмүүжүүлэх үндэс билээ. 

Дэлгэцийн донтолтоос сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юу анхаарах вэ?

Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй, илэн далангүй ярилцаж тэдний санаа бодлыг сонсох
Цаг зав гарган чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөж байх
Хүүхдээ зөв үйл хийхэд нь магтаж урамшуулах
Компьютер, утсыг хязгаартай хэрэглүүлэх өдөрт 30 минутаас ихгүй,
Гэртээ тавтай тухтай сэтгэл амар байх орчинг бүрдүүлэх
Сургуулийн багштай холбоотой байж хараа хяналтыг сайжруулах

Хэрвээ хэрэглээ багасахгүй бол мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмчид хандахыг зөвлөж байна.