04.15

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдлийг хүргүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүүрэг, хороодын Засаг дарга, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдэл хүргүүллээ.

   Мэдэгдэлд хавар, намрын хуурайшилттай үеийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хяналт, шалгалтаар нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилт, дүүрэг, хороодын Засаг дарга нарын хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд ажил зохион байгуулсан байдалд шалгалт хийгдэх тул Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжууд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгасан байна.

Дүүрэг, хороодын Засаг дарга нарт:

-Түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд татан оролцуулах, хамтран ажиллах, сургалт сурталчилгааг эрчимжүүлж, гудамж талбай, ногоон бүсэд байгаа самбарыг сурталчилгааг ашиглах, алба хаагчдад сургалт зохион байгуулах,

-Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт III зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд хүрсэн тул нийслэл, дүүргийн хэмжээнд хэсэгчилсэн байдлаар ойд явуулж буй ойн аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хязгаарлах, хяналтыг сайжруулахыг үүрэг болгоод,

 Холбогдох хууль тогтоомжоор заагдсан эрх, үүргийнхээ хэрэгжилтийг хангаагүй, түүнчлэн хуурайшилтын үед ой, хээрийн түймэр тавьсан, гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар мэдэгдэлд тусгаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.