05.15

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг, X-RAY аппаратаар үнэгүй үйлчилнэ

“ЭНХРИЙ ЭРДЭНЭ САН”-гийн санаачлага, БГД-ийн ИТХ, ЗДТГ, ХӨСҮТ-ийн хамтын оролцоотой хэрэгжих “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төслийн нээлт 20191 оны 5-р сарын 16-ны Пүрэв гарагт  10:00-12:00 Өргөө-1 кинотеатрын урд талбайд болох гэж байна.  Арга хэмжээний үеэр БГД-ийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эрүүл энхийн төлөө жагсаал”-д  оролцохоос  гадна дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмжийг өгч, цээжний зураг авахуулах X-ray аппаратаар 10:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилнэ.  
Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төсөл цаашид 1 жилийн хугацаанд үргэлжилж,  “БГД-Сүрьеэгийн тусламж үйлчилгээний сайн жишиг” болгохоор зорьж, хэд хэдэн ажлыг эхлүүллээ. 

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТУХАЙ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

 Өнгөрсөн 2018 онд Монгол улсад сүрьеэ өвчний 3498 шинэ тохиолдол бүртгэгдэж, түүний 2025 (58.0%) нь Улаанбаатар хотод, 1429 (40.8%) нь аймаг орон нутагт, 44 (1.3%) нь Хорих байгууллагад гарсан байна. Шинэ бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 65%-ийг  15-44 насны ид хийж бүтээж, идэвхтэй хөдөлмөрлөх залуучууд байгаа нь сэтгэл эмзэглэмээр баримт юм.   Өвчтөнүүдийн хүйсийн хувьд эрэгтэйчүүд 55%, эмэгтэйчүүд 45%-ийг эзэлж байна. Манай улсад сүрьеэгийн өвчлөл, нас баралт залуу насны эрэгтэйчүүдийн дунд өндөр байна. Жилд дунджаар 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж, мөн хэмжээний гэр бүл, бага насны хүүхэд өнчирч үлдэж байгаа нь харамсалтай юм. 
Монгол улс нь сүрьеэгийн тохиолдлын түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос эхний дөрөвт орж байна. Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар болон вируст гепатитийн дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна