05.25

Хөшигтийн хөндийд казино байгуулах боломжтой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ж.Батзандан нар хийлээ. Мөн тус бүлэг өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  УИХ-ын дарга З.Энхболдын  мэдээллийг сонсчээ.

Ерөнхий сайдын хувьд  АНЭУ-д хийсэн айлчлалынхаа мэдээллийг танилцуулсан байна. Тодруулбал  нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулжээ. Мөн Монголоос махан бүтээгдэхүүн экспортод гаргахаар болсон байна. Үүнтэй холбогдуулж манайд үйлдвэр байгуулах боломжтой талаар ярилцжээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр УИХ-ын дарга Хөшигийн хөндийн  нисэх онгоцны буудалтай танилцсан талаараа мэдээлэл хийжээ.  Мөн олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулан казино,  чөлөөт бүс байгуулах талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг бүлгийн хуралдаанд хэлсэн байна. Энэ асуудлаар бүлгийн гишүүд харилцан санал солилцсон бөгөөд  Дубайгийн нисэх буудал дээр байрлах чөлөөт бүсийн загвараар Монгол Улсад чөлөөт бүс  хөгжүүлэх боломжтой гэж үзжээ . Дубайгийн чөлөөт бүс дэх жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж.  Тиймээс  6-7 цагийн нислэгтэй Дубайг зорьж  буй Хятадууд 1-2 цаг нисээд Монголд ирэх нь давуу тал болно.  Тиймээс казино байгуулах нэг компанид санал тавих нь оновчтой  гэж хэмээн УИХ-ын дарга З.Энхболд саналаа хэлжээ.