05.29

Л.Батжав: Цэц нэгэнт шийдвэрээ гаргачихсан тул үсээ зулгааж, нүүрээ маажилтай нь биш

Хуульч, өмгөөлөгч, хууль зүйн ухааны доктор, профессор Лхамжавын Батжавтай Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар ярилцлаа. Тэрээр Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулиар бие даан нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан нэгэн юм.

-МАН, АН ГУРАВХАН СУМЫН ДУНД ЯВАГДАХ НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООС АЙЖ, ЗУГТЛАА-

-Та хуулийн салбарт 20 гаруй жил тогтвортой ажилласан туршлагатай хүн. Ярилцлагынхаа эхэнд сонгуулийн тогтолцоог эрх барьж буй намууд өөрсдийнхөө хүсэлд нийцүүлэн өөрчилдөг байдлыг хэрхэн хардаг талаар асууя.

-Засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАНАН бүлэглэл ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, басан доромжилж, өөрсдөө мөнхийн хаан байх зорилгоор ажиллаж ирсэн. Үүний нэг тод жишээ бол сонгуулийн тогтолцоог өөрсдөдөө зориулж, өөрчилдөг байдал. Тухайлахад, мажоритар тогтолцоо, сонгуулийн том тойргоор явж байснаа тойргоос гарах боломжгүй болонгуутаа тухайн үеийн эрх баригчид пропорционал тогтолцоо хэрэгтэй гээд жагсаалт гээгчийг оруулаад өөрсдөө шургалсан. Жагсаалтаар орж ирээд, бүгд сайд болонгуут тойрогт явсан гишүүд нь уурласан. Ийм зөрчлөөс үүдээд, бүрэн эрх нь дуусахын өмнө дахиад сонгуулийн тогтолцоогоо өөрчилж мажоритар тогтолцоонд шилжиж, жижиг тойрогтой болгосон.

Гэхдээ бас л Үндсэн хуулийн цэцийг ашигласан. Тойрог жижиг болгоод сонгуульд оронгуут хүссэн үр дүн нь гарахгүй ялагдсан. Үүний дараа олонх болсон МАН болохгүй гэх бүхий л асуудалд орооцолдлоо. Нэр хүнд нь асар ихээр уналаа. Ийм замбараагүй байдлаас үүдэж л нөхөн сонгууль товлогдохоор болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлд дүгнэлт хийхэд яг нөхөн сонгууль болох гэхээр намуудын удирдлага тохиролцоод хүчээр сонгууль явуулахгүй хааж байгаа гэж ойлгож байна. 17 мянган иргэний төлөөллөө парламентад суулгах эрхийг шууд хаачихлаа. МАН, АН гуравхан сумын дунд явагдах нөхөн сонгуульд оролцохоос айж, зугтлаа гэсэн мэдээллийг үндэслэлтэй гэж бодож байна. АН, МАН аль нь ч нөхөн сонгуульд ялж чадахгүй гэдгээ мэдэрсэн гэсэн үг.

Одоо тэгснээ сонгуулийн тогтолцоогоо дахин өөрчилж, том тойргоор явуулахаар хуулийн төслөө 10 хоногийн өмнө өргөн барьчихлаа. Энэ чинь шинэ нам болон бие даагчдын танигдах боломжийг зориудаар хааж байгаа хэлбэр. Санхүүгийн хувьд хязгаарлалаа. Дахиад л өөрсдөдөө зориулж, эрх барьж байгаа нам сонгуулийн хуулиа өөрчлөх гэж байна. Сонгуулийн хууль өөрчлөгдөж, ямар хэлбэрээр сонгууль явагдах нь ард түмэнд чухал биш. Намуудын удирдлага л өөрсдөдөө ашигтай байдлаар ингэж эргүүлдэг. Энэ бол Монголын хамгийн том гутамшиг. Муу муухай зүйл төрд үүнээс үүдээд л үүсээд байна.

-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд хамгийн их ач холбогдол өгч, өндөр идэвхтэйгээр ажилласан хүмүүсийн нэг та. Хуульч хүнийхээ хувьд Үндсэн хуулийн  цэцийн хоёр удаагийн шийдвэрийг хэрхэн харж байна?

-Сүүлийн шийдвэрийн хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эргэлзээтэй, сонгогчдын эрхийг хаасан шийдвэр болсон гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц  нь өөрөө Үндсэн хуулийн баталгаа байдаг. Үндсэн хуулинд хүний эрхтэй холбоотой маш олон заалтууд байдаг. Үүний нэг нь сонгох, сонгогдох тухай асуудал. Энэ баталгааг хангаж өгөх ёстой. Би цэцийн шийдвэрийг яг цаасаар хараагүй. Хэвлэл мэдээллээс харахад төсвийн тухай хууль зөрчсөн байна гэдгээр маргаан үүсгэсэн байна лээ. Гэтэл төсвийн хуулийг зөрчсөн гэх асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш. Тиймээс маргаан биш асуудлаар шийдвэр гаргалаа гэж бид хувьдаа үзэж байгаа.

Ноднингийн шийдвэрийн хувьд мөн л маш инээдтэй, эмгэнэлтэй шийдвэр гаргасан. Дөрвөн төрийн албан хаагч ээлжит сонгуулийн нэгэн адил 6 сарын өмнө ажлаа өгөөгүй гээд сонгуульд биднийг оруулахгүй байж магадгүй, сонгогдох эрх зөрчигдөж болзошгүй гээд өргөдөл өгөнгүүт нь сонгогч 17 000 орчим сонгогчийн төрд өөрсдийгөө төлөөлүүлэх, сонгох эрхийг нь шууд хаасан. Хууль зүйн хувьд дөрвөн  төрийн албан хаагч нөхөн сонгуульд орох боломжтой байхад цэц үгүй гэж үзсэн. Цэцийн шийдвэрийн дагуу УИХ сонгуулийн хуулиа өөрчлөөд тав хоногийн дотор ажлаа өгөөд төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох эрхтэй гэж хуульчилсан. Ийм инээдтэй зүйлийг өөрсдөө зориулж хийж болохгүй шүү дээ. Хууль зүйн талаас нь биш маш энгийнээр бодож үзэхэд дрвөн төрийн албан хаагчдын сонгогдох эрх чухал уу, 17 000 сонгогчийн сонгох эрх чухал уу гээд харьцуулаад бодчих.

-2.5 ЖИЛ ОРЧИМ ХЭНТИЙ АЙМГААРАА ЯВЖ, СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ БАЗААСАН-

-Та цэцийн шийдвэрийг улс зорилготой гэж харж байна уу?

-Улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцоно. Намын дарга, лидерүүд нь намаа төлөөлж орохоор шахагдсан. Гэхдээ нэг л хүн гарна. Тэгэхээр намын дарга нь нарын олонх нь ялагдана гэсэн үг. Тиймээс 2020 оны сонгуулиас өмнө ялагдаж, онигоо болохыг тэд нарын хэн ч хүсэхгүй. Тэгэхээр нөхөн сонгууль болохгүй гэдэг чинь дарга нар нь нэр дэвшихгүй л гэсэн үг. Би энэ өнцгөөс  нь харж байна. Түүнээс биш Үндсэн хуулийн цэц улс төрийн шийдвэр гаргачихлаа гэж хуульч хүнийхээ хувьд хэлж чадахгүй. Гэхдээ сонгууль нь өөрөө  улс төрийн үйл ажиллагаа учраас бусад нөлөөллүүд үүсээд байна гэж хэлье.

-Таны хувьд Хэнтий аймгийн 42-р тойрогт бие даан нэр дэвшихээр бэлтгэж байсан. Яагаад дэвшихээр шийдэв?

-Би төрийн албанд Төрийн захиргааны тэргүүн түшмэл болтлоо 20 жил ажилласан. Анх  хуулийн сургууль төгсөөд л багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар ирсэн. Монгол Улсын хоёр ч Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан ахлах референт, албаны даргаар, хоёр УИХ-ын даргын үед хуулийн хэлтсийн орлогч даргаар ажилласан.Өөрөөр хэлбэл хууль санаачлах эрх бүхий гурван субъектийн хоёрынх нь хуулийн хэлтсийг ахалж, гурав дахь субъект болох Засгийн газрын хувьд яамны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байв. Нөхөн сонгууль зарлагдах нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор 2017 оноос хойш нутгийн зон олон, найз нөхдөөс “Хууль тогтоох байгууллагад хуульч, эрдэмтэн хүн хэрэгтэй байна. Хэнтий нутгаас хуульчаа парламентад суулгамаар байна” гэсэн санал, хүсэлт тавьж эхэлсэн. Тиймээс олон түмний саналыг хүндэтгээд миний бие 2017 оноос хойш нутгийн зон олонтой уулзаж, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, уулзаж эхэлсэн юм.

-Анхнаасаа бие дааж нэр дэвших хүсэлтэй байсан юм уу?

-Тийм ээ. Би нам дагаж лифтэнд сууж эсвэл цүнх барьж томилогдоогүй.  Тэгээд ч төрийн жинхэнэ албанд тасралтгүй ажилласан учраас надад ямар нэгэн нам эвсэл байгаагүй. Ийм л учиртай юм.

-Хэнтий аймагт та нэр дэвших зорилгоор нэлээд зардал гаргаж ажиллалаа гэж би хувьдаа харсан?

-Санхүүгийн хувьд  яахав дээ. Би чинь өмгөөлөгч хүн, хуулийн фирмтэй. Өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ, хууль зүйн зөвлөгөө өгөх бизнес хийдэг. Тиймээс би өөрийнхөө бизнесээр өөрийгөө санхүүжүүлсэн.

-2020 онд дахин нэр дэвшихийн төлөө ажиллах уу?

-Тэгнэ. Би 2017 оноос хойш нутгаараа явж ажилласан. Цаашид ч явж ажиллах бодолтой байгаа. Хөдөлмөр хийх чадвартай насаа нутаг орон, улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахад зориулна гэж боддог. Энэ гар бие оролцох үйл ажиллагаа маань сонгуулиар дамжиж илэрнэ. Улс төрийн үйл ажиллагаа өөрөө сонгуулиар шийдэгддэг учраас тэр юм. Сонгуулийн систем ямар байхаас үл хамаарч, Хэнтий нутгаасаа нэр дэвшинэ гэж боддог. Би ер нь нутагтаа тасралтгүй ажиллана гэсэн бодолтой байна.

-МИНИЙ АМЬДРАЛ ДАНДАА Л ТЭМЦЭЛ БАЙСАН-

-Таныг сошиал орчноос харахад маш идэвхтэй ажиллаж байгаа нь харагдсан. Баг бүрдүүлж аваад Хэнтийд ажилласан гэсэн үг үү?

-Ер нь миний амьдрал дандаа л тэмцэл байсан. Анх 22 настайдаа  их сургуульд багшилж, 24 настайдаа Цэргийн сургуулийн тэнхимийн эрхлэгч болоход армийн таван хурандаа, хууль зүйн докторууд манай тэнхимд багшилж л байсан. Хамгийн залуу хууль зүйн ухааны доктор, профессор болж явлаа. Хууль зүйн ухааны доктор хамгаалах үед Л.Бямбадорж доктор “Шавилхан биетэй жаахан хүүхэд хууль зүйн шинжлэх ухааны хаалгаар том том алхаад ороод ирлээ” гэж хэлж байв. Хууль зүйн чиглэлээр 30 гаруй ном, сурах бичиг хэвлүүлж, 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 30 гаруйг гадаадад нийтлүүлж, хууль зүйн дөрвөн доктор төрүүлж, 80 гаруй магистр төрүүллээ. Спортын хувьд киокшнка карате, буудлагын спортоор тус тус 26 жил хичээллээ. Сэтгэл хөглөгдсөн үедээ шүлэг бичиж, ая зохиож, хөгжим тоглож явлаа. Өмнө нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байсан учраас надад пиар хийх боломж байгаагүй. Мэргэжлийн хүрээнийхнээс бусад хүмүүс мэддэггүй байж байгаад төрийн ажлаа өгсний дараа улс төрийн идэвхээ сайжруулсан нь гэнэт гарч ирсэн юм шиг харагдсан байх. Энэ нь сонгуулийн баг ажиллаж байгаа гэх хардлага үүсгэсэн болов уу.

-Ийм их эрч хүчтэйгээр ажиллаж байгаад Цэцийн шийдвэр нөхөн сонгууль болохгүйгээр гарчихаар хувь хүнийхээ хувьд цохилтод оров уу?

-Ер нь гайгүй дээ. Нас болоод мэргэжлийн хувьд хувь хүн болж төлөвших явц харьцангуй сайн тогтчихсон. Аливаа юманд нэг их цочроод байхгүй. Гэхдээ би энэ удаагийн ҮХЦ-ийн хуралдаанаас ийм шийдвэр гарна гэж бодоогүй. Гэхдээ нэгэнт  цэцийн шийдвэр гарчихсан хойно үсээ зулгааж, нүүрээ маажилтай биш. Одоо яах вэ, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Дараагийн сонгуульдаа бэлдэнэ дээ.

-Орон нутгийн иргэд бие даагчдыг ер нь хэрхэн хүлээж авах сэтгэлзүйтэй байна?

-Би улс төрийн намууд шиг тухайлсан судалгаа хийгээгүй. Би 2017 оноос хойш 2900 орчим айл өрхөөр орсон. Нийтдээ 6 мянган гаруй иргэнтэй уулзсан байгаа. Уулзсан иргэд “Энэ хоёр том намын явуулж байгаа үйл ажиллагаа үнэхээр болохгүй байна. Өөрчлөх ёстой” гэсэн  үүднээс байр сууриа илэрхийлж байсан. Өөрчлөх гарц нь гуравдагч хүчин эсвэл бие даагч  гэсэн сонголтууд л байгаа. Иргэд ямар нэгэн улс төрөөс хамааралтай бус бие даагчийг сонгох хүсэлтэй байгаагаа ч хэлдэг. Өнгөрсөн долоо хоногийн судалгааны том том агентлагийн судалгаа ч үүнийг нотолдог. Тухайлбал Сант Маралын судалгаагаар АН 21, МАН 17, бусад нам 1, бие даагчид 57 хувь нь саналаа өгнө гэсэн байсан. 

-Та  ялна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Өмнөх асуултад би бие даагчийн орон зай байгаа талаар ярьсан. Боломж бол байсан. Гурван том нам судалгаа хийхдээ өөрсдийнхөө дарга нарыг нэгээр тавиад, дөрөвт Л.Батжавыг л нэрлэсэн байдаг. Нөхөн сонгуульд 11 нам оролцохоор бүртгүүлэхээс гадна 8 бие даагч өрсөлдөх асуудал яригдсан. Нийтдээ 19 орчим хүнээс гурван том нам намайг дөрөвт нэрлээд байсан. Тав, зургаа, долоо дахь хүнийг нэрлэхгүй л байна лээ. Тэгэхээр ард түмэнтэйгээ холбогдож явсан миний үйл ажиллагаа хоосон, дэмий зүйл байгаагүй.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ