07.05

Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны замыг нээлээ

Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замыг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.07.05/ боллоо. Ийнхүү Монгол Улс анх удаагаа хурдны замтай болов.

Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Энх-Амгалан “Монгол Улс анхны хурдны замтай боллоо. Олон улсын стандартад нийцэсэн энэ зам Монол улсын хөгжил цэцэглэлтэд хамгйн том хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Нэг зүйлийг олйгох хэрэгтэй. Энэ бол хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. Цагт 100 км хурдтай явах, эргэж тойрох орц гарц байхгүй,  автобусны зогсоол үгүй тууш зам юм” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 метр, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн зам юм.

Төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригджээ.

Тус авто замын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп хийхээр шалгарч, үлдсэн 30 хувийг “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан юм.