05.26

МУГЖ Ө.Уянга, Буриадын АЖ Н.Мөнхзулын хамтарсан тоглолт болно

МУГЖ Ө.Уянга,  Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзултай хамтарсан “Бахархал” хэмээх  хүндэтгэлийн тоглолт толилуулахаар болжээ.

Дуучин Ө.Уянга ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дуурийн театрт тавигдсан Дж.Пуччинигийн “Тоска” дуурийн Тоскагийн дүрийг чадварлагаар амилуулан Монголынхоо дуурийн урлагийг оросын үзэгчдэд харуулаад, мэдрүүлээд ирсэн.

Дуучин Н.Мөнхзул 2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ө.Уянгатай хамт төгсч Буриадын дуурь бүжгийн академик театрт 10 гаруй жил ажиллаж байна. Тэрээр 2006 онд Буриад улсын гавьяат жүжигчин,  2012 онд Буриад улсын Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаан эх орныхоо нэрийг бахархалтайгаар авч яваа эрхэм дуучин юм.  Нэг ангиас төрөн гарсан дуучид тайзан дээр хамтарсан тоглолт хийж, эх орон, хайр сэтгэл, ээж ааваа хүндэтгэн бахархан дуулах нь энэхүү тоглолтын илэрхийлэл юм.

Тоглолтод Монголын болон Оросын, Дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулах юм. Тоглолтод УГЗ удирдаач Н.Бүтэнбаярын удирдлаган дор Улсын Филармонийн симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тус хүндэтгэлийн тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болно.