05.27

Ар хударгад заларсан Эби

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эби олон түүхэн дүрд тоглож, “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюгийн дүрээр нэр хүнд нь эрс өссөн билээ. Тэрээр "Домогт Ану хатан" жүжгийн Галдан бошигт хааны үнэнч шадар жанжин Данжила, "Саран хөхөө" жүжгийн Номунбаясгалан, "Атга нөж" жүжгийн Зүчи, "Сарны цагаан цус" жүжгийн ханхүү Халгуй зэрэг түүхэн дүр бүтээж, "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж", "Нууц амраг чинь болъё", "Парисын дарь эхийн сүм", "Шөнө дундын бүжиг" жүжгүүдэд дүр бүтээсэн.

Мөн түүний тоглосон кино бүр хит болдог гэхэд хилсдэхгүй. “Чиний эзгүйд”, "Би чамд хайртай 2", "Татар ажиллагаа", "Бурхан өршөөг", "Сая долларын олз", "Аравт", “Үргээлэг” зэрэг кинонд эерэг болон эсрэг дүрийг чадварлаг бүтээж, ямар ч хэцүү дүрийг амилуулж чадна гэдгээ баталсан. Тайз болон дэлгэцийн бүтээлд тоглохоос гадна найруулах чадвараа сорин энэ оны 3-р сард нээлтээ хийсэн “Аав” киног найруулсан нь ёстой л энэ хаврын хит кино байлаа. “Жинжиймаагаас хойш ингэж уйлсангүй” хэмээн үзэгчид нулимсаа арчин танхимыг орхихдоо “Дахиад үзнэ, хүн бүр энэ киног үзээсэй” гэж ам бардам хэлж байсан юм. “Аав” киноны гол дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдыг “Эцэг хүний үлгэр болсон гайхалтай дүрийг бүтээжээ” хэмээн ард түмэн үнэлсэн. Тэгвэл хамтрагчид маань саяхан нээлтээ хийсэн “Ар хударга” кинонд хамтдаа тогложээ. Эби, Цэбо 2-ын хамтран гол дүр бүтээсэн “Ар хударга” кино мөн л энэ зуны хамгийн шилдэг, хит кино болох нь тодорхой гэж мэргэжлийн уран бүтээлчид нь дүгнэж байна. Энэхүү кинонд Эби Алдар хэмээх боксчин залуугийн дүрд тогложээ. Харин Цэрэнболд Ах хүү буюу киноны гол зангилаа дүрийг бүтээсэн байна. Алдарын дүр бол одоогийн залуусын түгээмэл төрх болох өөртөө итгэлтэй, гэнэн, сайхан сэтгэлтэй, шооч бөгөөд бодлогогүй зангаасаа болж хүний гарт орж байгаа дүр юм. “Үргээлэг”-ийг давсан гэх яриа оргүй үг биш бололтой. Та бүхэн жүжигчин Эбигийн цоо шинэ дүрийг “Ар хударга” киноноос үзээрэй.