Англид амьдарч буй дүүгийнхээ гэрт хэдэн сарын өмнөөс эхлэн тухлах болсон дуучин М.Нара цагийг тун ч зугаатай өнгөрүүлж байгаа бололтой. Хүүтэйгээ хамт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан, сайхан амарч байгаагаа цахим ертөнцийн найзууддаа сонирхуулсан тэрбээр ирэх долдугаар сарын дундуур эх орондоо ирэх гэнэ.
Ээж болсон цагаасаа хойш элдэв нэр хоч зүүхээ больж, өрх толгойлсон ганц бие эмэгтэй гэж хэлүүлэхээсээ ч ичээгүй дуучин бүсгүй маань уран бүтээлээсээ нэлээд хөндийрөөд байгаа. Мөн нөхөргүй ч гэлээ, үр хүүхдээ өсгөхийн төлөө борви бохисхийлгүй зүтгэж буй монголын мянга мянган эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ өмнөөс үзэл бодол, дуу хоолойгоо шударгаар илэрхийлж эхэлсэн.
Түүний талаар өнөөг хэр нь хүүгийнхээ нүүр царайг бүтэн харуулахгүй, зургийг нь нууцаллаа хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг ч М.Нара иймэрхүү зүйлээс ер төвөгшөөсөнгүй. Тэр ч байтугай, саяхан эл зургуудыг оруулсан “Эх хүн үр хүүхдийнхээ төлөө юу ч хамаагүй хийдэг болов уу. Би ч хүүгийнхээ төлөө морь байтугай илжиг болсон ч чадна” хэмээн хөгжилтэйгээр бичиж, найзуудтайгаа сэтгэгдлээ хуваалцсан байна.