05.27

Автомашин ил задгай угаахыг хориглоё

Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянга руу өгсөх замд гартаа алчуур барьж, далласан хүмүүс харагдана. Тэд автомашин угаана гэдгээ тийм үйлдлээр илэрхийлж байгаа нь энэ. Машин угаагчдын зарим нь хажуудаа 200-гийн торхоор дүүрэн ус тавьсан байх агаад түүгээрээ автомашин угаана. Тэгэхдээ хүссэн газартаа зогсч машин угаана. Зүгээр суулгүй ажиллаж, хөдөлмөрлөж буй нь тэдний зөв. Гэхдээ сургуулийн ойр орчим, олон нийтийн зорчдог талбайг бохирдуулан автомашин угааж буй нь хүмүүсийн эрүүл мэнд, нийслэлийн өнгө төрхөд муугаар нөлөөлнө. Машин угаагчдын зарим нь ойролцоох жалга шуудуу руу хүний нүднээс далдуур бохир усаа урсгадаг нь нууц биш. Энэ нь тухайн ойр орчны оршин суугчдын эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй. Ялангуяа зуны цагт бохир ус цацсан газраас эвгүй үнэр ханхалж, хүн байж суух боломжгүй болдог. Тиймээс халууны улирал эхэлж буй энэ үед харьяа байгууллагууд тэдний ажилд хяналт тавих шаардлагатай байгаа юм. Тэгж чадвал хүмүүс эрүүл мэндээрээ хохирохгүйгээс гадна нийслэлийн хөрсний бохирдол ч багасна.

Б.Номуун