05.29

Б.Галдаа нарыг АТГ-аас шалгах уу

Хуулийн салбар дахиад л хөдөлгөөнд орж эхэлсэн. Тодруулбал, Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхад хийгдсэн шинэчлэлүүдийг өдгөө Д.Дорлигжав сайд болсноор буцаан өмнөх байдалд нь оруулж эхэлсэн гэхэд болно. Тодруулбал, өдгөө УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй. Энэ талаар  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Дэмжмээр байдаг ч дэмжих боломж улам хязгаарлагдаж байна. “Зэрэг нэмэхийн өмнө” кино шиг юм болж байна даа. “Тал нь хаана байна гэхээр энэ гээд” хуураад байна. Энэ хуулийг нарийн журамласнаар хэн нэг нь хувийн бодлоор ажиллах байдлыг хааж, хүний эрхээ хамгаалах ёстой. Гэтэл ингэж чадсангүй. Байнга албан тушаалдаа байх юм шиг, түй гээд нулимах юм шиг асуудалд хандаж болохгүй. Харамсалтай нь еэвэнгийн тал харуулсан хууль тавьчихаад суух юм. Хуулийг орондоо засдаг гэж ярьдаг байсан бол одоо хууль хулгайлдаг боллоо” хэмээсэн.

    Зөвхөн хуулийн төслөөр зогсохгүй Тахарын албыг татан буулгаж, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-аас салгах тухай эрчимтэй яригдаж байна. Энэ асуудал хуулийн салбарт ихээхэн маргаан дагуулж байгаа юм. Тахарын алба байгуулагдаад жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Тахарын албаны тухай хууль 2013 оны долоодугаар сард батлагдаж, 2014 оны нэгдүгээр сараас уг хууль хэрэгжиж эхэлсэн. Уг алба нь зургаан бүлэг бүхий Тахарын албаны хуультай. Тахарын алба 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 700 гаруй ажилтан, алба хаагчтай.  Тахарын албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд байр, хүний нөөц, салбар гээд олон асуудал бий. Тиймээс ч улсын төсвөөс багагүй мөнгө зарцуулж байгаа гэдгийг эх сурвалж дурдсан бөгөөд өнгөрсөн онд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдэг.

    Тэгвэл УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 2013 онд татан буулгасан. Тухайн үед прокурорын байгууллагын төсвийн талаар www.prokuror.mn сайтад мэдээлснээр “Прокурорын байгууллага нь  2013 оны Төсвийн тухай хуулиар урсгал зардалд 16.2 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтаар 20.3 тэрбум төгрөг батлуулснаас  бүтэн жилээр урсгал зардалд 15.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх нээгдэж 97 хувь буюу 15.2 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 41 хувь буюу 8.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй  байна. Улсын Ерөнхий прокурорын газрын хэмжээнд 2013 онд нийт 10.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан нь 2012 онтой харьцуулахад 5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна” хэмээн мэдээлсэн байна.

    Ингээд бодохоор УЕП-ын дэргэдэх МБА дахин АТГ-аас салгаж шинээр байгуулна гэж төсвийн хөрөнгө үрэх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Ер нь УЕП-ын дэргэдэх МБА мөрдөн байцаагчидтай холбоотой жижиг хэрэг шалгахаас прокурорууд авлига авсан эсэхийг шалгасан нь эргэлзээтэй. За энэ ч яах вэ. Сүүлийн үед бас нэг хачирхалтай яриа хуулийн салбарынхны дунд гарчээ. Тодруулбал, УЕП-ын дэргэдэх МБА-ны дарга асан Б.Галдаа, түүний дараа албыг нь залгуулж авсан И.Пүрэвцогт нарыг тухайн үедээ төсвийн мөнгийг үрэн таран хийж байсан гэх яриа гарч эхэллээ. Б.Галдаагийн хувьд хууль зүйн салбарын хашир туршлагатай кандидаторуудын нэг. Харин И.Пүрэвцогтын тухайд өмнө нь ТЕГ-т хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

Хэрвээ хуулийнхан дунд хүчтэй тархсан дээрх яриа ортой бол АТГ-ынхан овоо хараандаа авах нь зүйн хэрэг бус уу. Арай “хуулийнхан хуулийнхандаа хайртай”  гээд зүгээр өнгөрүүлчих юм биш биз дээ. Ер нь салбарт нь ийм мэдээлэл тархчихаад байхад авлигагүй нийгмийг тунхагладаг АТГ-ынхан Б.Галдаа, И.Пүрэвцогт нарыг яагаад шалгахгүй байна вэ.

 

С.ТУУЛ