05.29

Хатан Туулын амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр...

УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, БОАЖНХ-ийн яам, Ерөн­хийлөгчийн тамгын газар хамт­ран Туул голын ашиглалт, хам­гаалалт, бохирдол, шийдвэрлэх арга зам хэлэлцүүлгийг  Төрийн ор­донд өчигдөр бүтэн өдрийн турш зо­хион байгууллаа.  Өмнөх зохион бай­гуулж байсан хэлэлцүүлгээс ял­гаа­тай нь энэ удаад ЕТГ-аас Ерөн­хийлөгчийн байгаль орчин, но­гоон хөгжил, амьдрах орчны  зөв­лөх, яамны сайд нь оролцож, байн­гын хорооны дарга нь сууж, Туул голын асуудлаар ажлын хэсэг ах­лан ажилладаг УИХ-ын гишүүн Д.Дэм­бэрэл, цаашлаад яамны дэр­гэдэх Туул голын сав газрын за­хир­гааны удирдлага, яамны ус­ны асуудал хариуцсан газрын дар­га мэргэжилтэн, энэ талаар үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, арьс ширний нэгд­сэн холбоо, орон нутгийн ир­гэд нэг дор цуглаж хэлэлцсэн яв­­дал байв.

Хэлэлцүүлгийн үеэр БОАЖНХ-ийн яамны Газар зо­хион байгуулалт усны нэгдсэн бод­лого зохицуулалтын газрын дар­га Г.Мөнх-Эрдэм “Туул гол ба эрх зүйн орчин” сэдвээр, Нийс­лэлийн БОНХ-ийн газрын дар­га Г.Болормаа “Туул голын тул­гамд­сан асуудал, шийдвэрлэх ар­га зам, Туул голын сав газрын за­хир­гааны дарга Г.Долгорсүрэн “Туул голын экологийн доройтол, шалт­гаан, шийдэл” сэдвээр илт­гэл тавьж хэлэлцүүллээ. Мөн УСУГ, Мэргэжлийн хяналт зэрэг ал­­баныхан оролцож мэдээлэл ху­ваал­цав.

Дэлхийн хамгийн том задгай жорлон

Хатан Туулыг бохирдуулах хам­гийн том шалтгаан мэдээж Төв цэвэрлэх байгууламж. Дараа нь арьс ширний компаниуд, элс хайр­га, дайрганы үйлдвэрүүд багтана.

50 жилийн настай төв цэвэрлэх бай­гууламж ачааллаа дийлэхээ больс­ноос болж бохир усаа 40-50 хувь цэвэрлээд л бараг л тэр чи­гээр нь Туулд цутгаж эхэлжээ.

Төв цэвэрлэх байгууламжийн өнөө­гийн хүчин чадал нь 170 мянган м3 усыг хоногт цэвэрлэх. Гэвч хү­чин чадлыг нь давсан бохирдлыг үйлд­вэрлэж байгаа учраас Төв цэ­вэр­лэх байгууламжийг шинээр ба­ри­хад нэг тэрбум орчим ам.доллар шаард­лагатай юм байна.

Энэ үеэр ал­баны хүмүүс нэлээд ноцтой асууд­­лыг хөндөж байсан юм. Ту­хайл­бал, Ерөнхийлөгчийн зөв­лөх О.Чулуунбилэг “Туул гол зур­­га­дугаар түвшний бохирдолт­той болсон. Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагын гаргасан су­­дал­­гаа­гаар дэлхийн хамгийн бо­хир­дол­той го­лын тавд Туул орсон. Төв цэвэр­лэх байгууламжаа шинэч­лэхгүй л бол энэ асуудлыг ший­дэхгүй.

Урсгал завсар хийгээд ч нэ­мэргүй.  Одоо 1.3 сая иргэний хэрэглэсэн бохирыг тэр чигт нь Туул гол руу цутгах талаар ярьж байна. Хэрвээ ийм арга хэрэглэвэл Туул гол дэлхийн хамгийн том зад­гай жорлон болж хувирна” хэ­мээсэн юм. Туулын хоёр дахь дай­сан болсон арьс ширний үйлд­вэрүүдийн бохирын асуудал энэ өдөр мөн л хамгийн ноцтой асуу­дал болж хөндөгдсөн юм. 

Улаан­баатар хотод арьс ширний 27, ноос ноолуурын 27, өлөн бо­ловс­руулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч бай­гаа бохир ус нь Төв цэвэрлэх байгуулам­жийн үйл ажиллагаанд хүндрэл учруул­саар ирснийг холбогдох албаныхан хөн­дөж тавилаа. Засгийн газраас 2013 онд 249 дүгээр тогтоол бат­лахдаа 2017 он гэхэд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг Улаан­баатар хотоос гаргаж, Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргаж бай­сан аж.

Гэвч Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор өмнөх тогтоолын зарим заалтыг хүчингүй болгож, арьс ширний үйлд­вэрүүдийг Эмээлт рүү буюу Шар хөцийн хоолой руу нүүлгэ­хээр болж өөрчилжээ. Арьс шир үйлд­вэрлэгчдийн холбооны тэргүүн 30 арьс шир боловсруулах үйлдвэр бай­гаа хэмээсэн ч Усны газрын дар­га асан З.Батбаяр энэ бол худ­лаа мэдээлэл хэмээн үгүйсгэв.

Өөрөөр хэлбэл, байрны 0 давхар зэрэгт нууцаар үйл ажиллагаа явуул­даг, шөнөөр бохироо асгадаг үйлд­вэрүүд хэдэн арваар байгаа учраас энэ асуудлыг цэгцлэх ёстойг хэлж бай­лаа. Гуравдахь том шалтгаан нь хайрга, дайрганы үйлдвэр. Улаан­баатар хотын нутаг дэвсгэрт элс, хайр­га ашиглахтай холбоотой ашиг­лалтын 156, хайгуулын 34 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

Үүнээс элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүр­гүүлсэн нь усны сан бүхий газ­рын энгийн хамгаалалтын бү­сэд оршдогтой холбоотой аж. Одоо­гоор элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм бай­на.

Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж, барилгын ма­те­риалын үнэ нэмэгдэх зэрэг бэрх­шээлтэй тулжээ. Тиймээс хэрхэх вэ гэдгийг ярихгүй л бол Төв цэвэрлэх бай­гууламжаа шинэчиллээ ч Туул хатаж ширгэх асуудал хэвээр байх нь ээ.

Туул голын усанд хөхний хорт хавдар үүсгэгч бодис байдаг уу
 
Эрдэмтэд, илтгэл тавьсан ир­гэдийн санал бол Төв цэвэрлэх, арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг цэгцлэх. Мэдээж энэ асуудлыг тал талаас нь ярилцаж, нэгдсэн бодлогоор шийдэх учиртай. Гэтэл энэ өдрийн хуралдаанд Уул уурхай, Эрчим хүч, Барилга хот байгуулалт зэрэг яамдаас хүн ирээгүй байгаа нь асуудал хэмээв.

Төв цэвэрлэх байгууламжийн асуу­­дал мэдээж Барилга хот байгуу­лалтын яаманд хамааралтай. Уул уурхайн яам голын гольдрол өөр­чилж алт олборлох, хайрга, дайр­ганы үйлдвэрүүдийн тусгай зөв­шөөрлийн асуудалд хариулт өгөх учиртай. Харамсалтай нь тэд ирээгүй юм.

Хэлэлцүүлэгт оролц­сон нутгийн иргэд Туул го­лыг хэрхэн хайрлан хамгаалах та­лаар саналаа хэлж, шийдвэрт тус­гуулах бодолтой байгаагаа хэлж байв.

Тухайлбал, Заамар су­мын ир­гэн төрөөс нөхөн төлбөр шаар­даж байна гэв. Учир нь Заамар су­манд Туул голын гольдролыг өөр­чилснөөс болж усаа худгаас зөөж ууж байна. Тэгээд ч заамар сум жилд 70 орчим тонн алт улсын төсөвт оруулж байдаг учраас тө­рөөс иргэддээ нөхөн төлбөр өгөх ёс­той гэв.

Гацууртын иргэдийн тө­лөөлөл Туул голд шөнөөр хог хаяг­дал асгах асуудал их байгааг хөнд­лөө. Харин Усны газрын дар­га асан З.Батбаяр Сонгинын гүүр­нээс цаашхи Туул голын асуу­далд анхаарлаа хандуулж ажил­лахыг салбарын сайдаас хүссэн юм. Эрдэмтэд Хатан Туулаа хам­гаалах тусгай хуультай болох, Төв цэвэрлэх байгууламжийг нэн тэр­гүүнд шинэчлэх ажил хийхийг сануулав.

Саарал ус ашиглан машин угаалга зэрэгт цэвэр ус хэрэглэдэг явдлыг таслан зогсоох ёстойг усны чиглэлийн эрдэмтэд санал нэгдэн дэмжлээ.

Энэ үеэр анхаарал татсан нэг мэдээлэл хийсэн хүн бол судлаач Г.Ууганбаяр. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар ажилладаг тэрбээр Японы эр­дэмтэдтэй хамтран Туулын гурван салаа бэлчрийн усыг шинжилжээ. Гэтэл тэдгээр эрдэмтэд хөхний хорт хавдар үүсгэх нэг төрлийн нян агуулагдаж байгааг тогтоожээ.

Тэд­гээр эрдэмтэд судалгаагаа нэг мөсөн дуусгаад салбар яаманд асуудлыг тавихаар болсон бай­на.  Су­далгаагаар Туул голд Улаан­баа­тар хотын Сонгинын зүүн хойд уулзвараас бохир ус нийлүүлэгддэг байна. Энэ нь Улаанбаатар хотоос баруун зүгт 52 км-т хил залгаа ор­ших Алтанбулаг сумын орчимд Туул голын бохирдол дээд хэмжээндээ хүрч, аюултай төвшинд хүрдэг гэ­нэ.

Тиймээс одоо Туул голд бүх бо­хироо асгах асуудал гаргаж болох­гүй гэдгийг эрдэмтэд хатуу са­нуулав. 3000 иргэн, мөн тооны мал сүргийн асуудал яригдах уч­раас усны хязгаарлалт хийх байд­лаар асуудлаа шийд гэсэн юм.  Туул голын бохирдол нь 2006 оноос сумын иргэдэд мэдрэгдэж, өм­хий үнэртэх, лаг шавар үүсэх нь ихэсчээ.

Уршгаар нь 2007 оны дол­дугаар сард 10 гаруй зүйлийн, 2.7 тн загас үхэж байсан аж. Үүнээс хойш Туул голд мэлхий, загас эрс хо­ворджээ. 2008 онд Алтанбулаг су­­мын хоёрдугаар багийн нутагт ир­гэн Нэргүйн суурьт дөрвөн мөч­гүй тугал гарч байсан аж. Тус су­мын нэгдүгээр багийн иргэн Сум-Очи­рын хотонд нэг нүдтэй хур­га гар­сан асуудал ч энэ үеэр хөндөгд­лөө.

Зургадугаар сарын 22-ныг Хатан Туулыг хамгаалах өдөр болгоно

Байгаль орчны байнгын хорооны дар­г­а хэлэлцүүлэгт оролцсон ир­гэ­дээс гарсан энэхүү саналыг дэмжи­хээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, Ха­тан Туул хамгийн дээд цэгт хүр­тэл бохирдсон учраас иргэн бү­рийн анхаарлыг хандуулахын тулд жил бүрийн энэ өдрийг Туул голыг хамгаалах өдөр болгох УИХ-ын тогтоол гаргах ёстой гэв.

Су.Батболд дарга “УИХ-ын Байгаль ор­чин, хүнс хөдөө аж ахуйн байн­гын хорооны дарга Су.Батболд “Зам барина, утааг бууруулна, тийм төсөл хэрэгжүүлнэ гэдэг.

Амьд­рал руу чиглэсэн юм руугаа хө­рөнгө гаргахаас аргагүй. Засгийн газ­раас гаргасан судалгаагаар Төв цэ­вэрлэх байгууламжийг шинэч­лэн барихад нэг тэрбум орчим ам.дол­лар шаардлагатай гэсэн дүн гарсан. Аль нэг улсад санал тавиад гадны хө­рөнгөөр шийдэхээс аргагүй.

То­дорхой хувийг улсын төсвөөс гаргах хэ­рэгтэй. Энэ асуудлыг яаралтай ший­дэх шаард­лагатай байна. Эр­дэм­тэд гадаргын усыг цуглуулж усан сан барих асуудлыг өнөөдөр ярь­сангүй. Туул үерлэх үед хайран ус гээд л харамсаад өнгөрдөг. Гэтэл тэр усыг усанд санд төвлөрүүлэх талаар ярих цаг нь болчихсон. 19 дүгээр зууны үед дэлхийн бүх улс орон цэвэрлэх байгууламжийн асууд­лаа шийдчихсэн.

Гэтэл ма­найх ус руугаа бохироо хийгээд яах вэ гээд яриад сууж байгаа нь эм­­гэнэл. Байнгын хороо та бүхний асуудлыг бүгдийг нь нягтлаад УИХ-ын тогтоол гаргана” хэмээв.

Харин т Д.Оюунхорол сайд “Туул голын орчимд дахиж газар олгохгүй гэсэн шийд­вэрийг гаргана. Цаашлаад Туул голын орчим үйл ажиллагаа явуул­даг байгууллагаас татвар өндөр авч тэр мөнгөөрөө Туулыг хам­гаалах талаар ярина. Туулын эхэнд усан цогцолбор барьж, усны нөө­цөө бий болгох ёстой.

Аливаа улс орны тогтвортой хөгжлийн бод­логын нэгдүгээрт цэвэр усны асуу­дал багтдаг. Салбарын яамнаас ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно. Төлбөргүй юм бүхэн ямар байдалд ордогийг Туул гол ха­руулж байна. Төв цэвэрлэх бай­гууламжийг тендер зарлаад ч бо­лов шинэчлэх ажлыг эхлүүлэх хэрэг­тэй байна” хэмээлээ. 

Хам­гийн чухал нь энэ удаад бид яриад өн­гөрөхгүй бололтой. Туулыг ав­рах та­лаар бид олон жил ярьсан. Тий­мээс сэхээнд орчихсон Туулаа ав­рах шийдвэрийг тэд тун удалгүй гар­гана гэдэгт найдъя. Төрийн шийд­вэр гаргах төвшний гурван ч бай­гууллагын анхаарал Туул гэх сэ­хээнд байгаа өвчтөнд чиглэсэн уч­раас төд удалгүй үр дүн эхнээсээ гарна гэх итгэл тээсээр хүлээх л үлдэж байна.