06.02

АТГ-ын зөвлөмжийн дагуу арга хэмжээ авчээ

Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу Ховд аймгийн Дарви сумын ЗДТГ тодорхой арга хэмжээ авчээ.

АТГ-аас томилогдсон ажлын хэсэг 2014 онд Ховд аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцжээ. Харин  энэ жил тус аймгийн Дарви, Зэрэг, Манхан суманд дахин ажиллаж, өнгөрсөн жил гарсан алдаа дутагдал, зөрчлийг арилгах чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцлаа.

Дарви сумын Засаг даргын захирамжаар таван хүнийг нийтийн албанд томилохдоо урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байсан зөрчлийг арилгажээ. Түүнчлэн 2013 онд Засаг даргын захирамжаар байгуулсан нэг, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан хоёр үнэлгээний хорооны 13 гишүүний ес нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргаагүй зөрчил илэрч байсан бол 2014 оны сүүлийн хагас жилээс үнэлгээний хорооны бүх гишүүд уг мэдэгдлийг гаргах болжээ. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2013 онд хог цэвэрлэгээний техник худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байх бөгөөд “Гүнцэнгэг” ХХК шалгарч, нийт 44 сая төгрөгийн өртөгтэй өөрөө буулгагч автомашин, авто ачигч нийлүүлэхээр гэрээ хийж, дээрх техникийг нийлүүлсэн байх ба эдгээр техник хэрэгслийн өмчлөгч нь иргэний нэр дээр байсныг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэж авсан байна.