МХЕГ-аас өнөөдөр хийсэн мэдээллээр, өнгөрсөн жилээс эм ханган нийлүүлэгч болон эмийн санд хяналт шалгалт хийдэг болсон. Тэгвэл энэ жилийн хувьд урьдчилан сэргийлэх хяналтыг өнгөрсөн 4 дүгээр сард хийсэн дүнгийн тухай танилцуулав.
18 аймаг, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 43 эм ханган нийлүүлэх байгууллага, дөрвөн эмнэлэг, хоёр биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллага, 266 эмийн сан нийт 315 байгууллага хяналт шалгалтад хамрагджээ. Шалгалтад хамарсан байгууллагуудад хаяг шошгын зөрчилтэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байгаа нийтлэг зөрчил илэрчээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нар стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 97 нэрийн, хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалалтын дэглэм алдагдсан 13 нэрийн нийт 209 нэрийн 6562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэглэгч нарт эм худалдан авахдаа хадгалах хугацаа, хэрхэн хадгалж хэрэглэх, хаана үйлдвэрлэгдсэн, хаяг шошго нь зөрчилгүй эмийг худалдан авахыг зөвлөн сэрэмжлүүллээ.
Ж.Батсайхан