Нийслэлчүүд сайхан амлалт сонсч, амар сайхандаа “жаргаад” бүр сурчихлаа. Хотын баруун зүүн чиглэлд төмөр замаар рэйлбус гэх шинэ хөлгөөр саадгүй, хурдан зорчих үлгэр жаргав бололтой. Сураг нь тасраад удлаа. Тав тухтай, түгжрэлд өртдөггүй, хурдан шуурхай хэмээн ам уралдан сурталчлаад байсныг үйлчлүүлэгчид мартаагүй. Эргээд харахад тэр бүхэн сурталчилгаа, хэн нэгний бизнес байсан бололтой. Одоо хотын захынханд шөнө, оройд үйлчилдэг хэдэн микрогоо шахаж гаргах сураг дуулдаад эхэллээ. Хотоос зайдуу, хол суурьшсан иргэдийг явгалаад оронд нь угсраа хоёр автобус явуулах юм байх.
Нэг л автобус, микрогоо хүнээр дүүргэхээр хоолойгоо сөөтөл хашгирч, буудлаа булаалдан давхих өнөөгийн дүр зургийг тооцохгүйгээр угсраа автобуст “хайр” зарлаад эхэлсний цаана юу нуугдана вэ. Байгаа саваа / автобус/ тордож, бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, мөнгө төгрөгийн хэрүүлтэй байгаа атлаа өөр шинэ сайхныг амлаад эхэлсэнд эргэлзэх юм. Бас л рэйлбус шиг сууж, үйлчлүүлэх хүнгүй хоосон, хос автобус хотын хаа сайгүй хөлхөлдөж, алдагдалд орж хааш нь яаж далд оруулах аргаа олохгүйд хүрэх вий. Хэн нэгний тооцоо судалгаагүй бизнес эцсийн дүндээ иргэдийн халаасыг тэмтэрсээр зүйл дуусдагийг сануулахад илүүдэх юун. Хотын дарга Э.Бат-Үүл сонгуулийн үеэр амласнаасаа буцаж, дахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг үнэгүйдүүлсний маргаан газар авч эхэллээ. Үүнтэй адил хувийн автобус, микронуудыг шахаад эхлэхээр хоолноосоо салсан жолооч, тээвэрчид тэдний ар гэрийнхэн, үйлчлүүлэгчдийн хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан хэрээс хэтэрч мэднэ. Телевиз, гэрэл зургаас л харсан угсраа автобус нийслэлийнхэнд тав тух, аз жаргал, авчрах эсэхийг харах л үлдлээ. Рэйлбус шиг сураг л алдрахгүй, тохитой сайхан унааг нийслэлчүүд хүсч, хүлээж байна.
Н.БӨХДАМБИЙ