06.03

О.Есөнтөмөр: Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан

Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа энэ сарын 8-наас эхлэх байсан ч улаанбурхан өвчин дэгдсэнтэй холбоотойгоор хойшлуулсан байна. Энэ талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга О.Есөнтөмөрөөс тодрууллаа.

-Энэ жил хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?

-Хүүхдийн хөгжлийн төв болсон зуслан эрүүл аюулгүй орчинтой байх ёстой. Тиймээс энэ тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Улсын хэмжээнд 56 гаруй, нийслэлийн бүсэд 32 орчим зуслан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 20 гаруй нь тогтмол үйл ажиллагаагаа явуулж, жил бүр дунджаар 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг. Ер нь улсын өмчийн зургаан зуслан байдаг. Энэ жилийн хувьд улаанбурхан өвчин гарсантай холбоотойгоор ЭМСЯ-наас хүүхдийн зуслангийн ажиллах хуга цааг түр хугацаагаар хойш луулах шийдвэр гаргаад байна. Ингээд энэ сарын 20-ныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд оршдог зуслангуудад нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэнд, Цагдаа, Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас шалгалт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Ерөнхийдөө энэ сарын 20-ноос зөвшөөрлөө авсан зуслангууд үйл ажиллагаагаа явуулна.

-Хүүхдийн зусланд тавигддаг ерөнхий стандарт шаардлага гэж байдаг байх. Энэ талаар тодруулна уу?

-Хүүхдийн зусланд тавигдах ерөнхий шаардлага MNS 2006 гэсэн стандарт байдаг. Энэ стандарт нь дан ганц хүүхдийн зуслан гэхээсээ илүү бүхий л асуудлуудыг хамарсан байдаг юм. Тухайлбал, галын аюулгүй байдал нь хэрхэн хангагдсан, эрүүл мэнд буюу хоол тээвэрлэлт, хоол хүнсээ ямар нөхцөл байдалд хадгалах, бүлгийн байр нь ямар байх, нэг хүүхдэд хэдэн метр квадрат талбай оногдох, бүлгийн байрны өрөөнд юу байх ёстой юм гэх зэрэг шаардлагыг тавьдаг.

-Энэ жил хүүхдийн зуслангийн үнэд өөрчлөлт гарсан уу?

-Зуслангуудын үнийн асуудалд нийслэлийн зүгээс тодорхой бодлого барьж, тогтвортой хэмжээнд байлгахыг эрмэлзэж ажилладаг. Өнгөрсөн жил 150-160 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ жилийн хувьд долоон хоногийн амралт 160-170 мянган төгрөг байхаар зохицуулсан. Тухайн жилийнхээ нийгэм эдийн засгийн байдлаас хамаарч зуслангуудын үнэ хэлбэлздэг. Мөн тухайн зуслангийн хол ойроос шалтгаалан үнэ өөр байдаг.

-Зуслангуудын багш, эмч нарыг бэлтгэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Бүлгийн багшийн захиалгыг бид өмнөх жилүүдэд сэтгэл зүй, нийгмийн ажилтны чиглэлээр сурч байгаа оюутнууд мөн багшаар төгсөх гэж байгаа, СУИС болон КУДС гурав, дөрөвдүгээр курсын оюутнуудыг бүртгэдэг байсан. Энэ хүн өөрөө ямар хүн бэ, зан төлөв төлөвшил, мэдлэг, харилцааны хувьд гээд олон шалгуураар шигшиж авдаг. Тэгээд энэ шигшсэн хүүхдүүддээ мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан арга зүйн сургалт өгдөг юм Хоёр хоног сургалт нийслэлд зохион байгуулаад нэг хоног ажиллах зусланд нь дадлагажуулна. Ингээд гурав хоног сургалтад суулгасны дараа албан ёсны сертификатаа аваад зусланд бүлгийн багшаар ажилладаг. Энэ жилийн хувьд яг л ийм байдлаар явна. Гэхдээ нэг л зүйл өөр байгаа. Зуслангууд өөрсдөө бүлгийн багшаа олоод тэр хүүхдүүдээ манай байгууллагад бүртгүүлнэ. Гэхдээ бид заавал оюутан гэдэг шаардлага тавихгүй.

-Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ зусланд явуулахдаа юуг анхаарах ёстой вэ?

-Хамгийн их анхаарах ёстой зүйл бол хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт оруулах. Та хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт оруулж зусланд явуулснаар өөрийн болон бусдын хүүхдийг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг онцлон захимаар байна.

Ц.ЗАЯА