06.03

Зусланд гарахтай зэрэгцэн зам засварын ажил эхлүүлэхийг иргэд эсэргүүцэж байна

Өнгөрсөн амралтын өдөр Шаргаморьтод өвөөгийндөө очив Зуслангийн зам гэж там болчихож. Машинд сууж явахад үнэхээр айдастай санагдаж байлаа. Асфальтан хучилт эвдрээд дороос нь шороо гараад энд тэндгүй нүх тааралдах аж. Хандгайт, Шаргаморьтын уулзвараар авто- машин нэвтрэхийн тулд нэгнээ хүлээж, аль болох үүссэн нүх, овоорсон асфальт шороог тойрон гарч байв. Нэн даруй засварлахгүй бол осол гарч, хүний амь нас эрсдэхээр нөхцөл энд үүсчээ. Амралт зугаалгын цагтай зэрэгцэн зам засварын ажлыг хийх гэж байгаад иргэд нэлээд бухимдалтай байна. “Зургадугаар сараас зуслангийн замуудыг улсын баяр наадам хүртэл хааж засварлана Автомашины хөдөлгөөнийг зам засварын ажил дуустал буюу сар гаруйн хугацаанд хаана. Зусланд байдаг хүмүүс автомашинаар явахаас өөр аргагүй.

Засварын ажил эхэлчихвэл зусланд гарч чадахгүйд хүрнэ. Заавал зусланд гарахтай зэрэгцэн засварынхаа ажлыг эхлүүлээд байхдаа яадаг юм. Намар засварынхаа ажлыг хийж болдоггүй юм уу. Одоо эхлээгүй ажил хэзээ дуусах юм. Жил бүр л засварлаж, өргөтгөж байна гээд төсвийн мөнгийг зарлагадах юм. Хийсэн зам нь хэдэн сар болоогүй байж хагарна” гэх хүнтэй олон таарав. Зусланд гарч зусах айлуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Зуны цагт энэ чиглэлийг зорих иргэдийн цуваа тасардаггүй. Яг энэ үед зам засварын ажлыг эхлүүлэх нь хэр зөв шийдэл бол. Замаа засварлаж, сайжруулах нь зөв. Гэхдээ цаг хугацааны хувьд зуслан руу хотын хөдөлгөөн ихэсч байгаа үед засварлах нэрийдлээр хэдэн сар зам хааж, ачаалал нэмэгдүүлэх шаардлага байхгүй ч юм шиг. Гэтэл өнөөдрийг хүртэл зам засварын ажлыг эхлүүлээгүй байна. Уг нь энэ зун нийслэлд нэлээд хэдэн зуслангийн замыг өргөтгөн шинэчлэхээр болсон байдаг. Засварын ажлыг хийхдээ тухайн бүсээр автомашин, явган хүн зорчуулахгүй. Долдугаар сар хүртэл замыг хаана гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ өнөөдөр эхлээгүй олон км автозамын ажлыг ганцхан сарын хугацаанд шинэчлээд, өргөтгөнө гэвэл бас л хэцүү.

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэгчлэн хурдан хийсэн ажил ямар ч үр дүнгүй, чанарын шаардлага хангадаггүй. Ирэх жилийн өдийд замыг ахиад засварлана гээд төсвийн мөнгийг хий дэмий зарлагадахыг хэн ч үгүйсгэхгүй. Уг нь бол өнгөрсөн сарын 15-наас зам засварын ажлыг эхлүүлэх ёстой байв. Гэтэл өнөөдрийг хүртэл засварын ажлыг гүйцэтгэх ёстой компаниуд шалгараагүй байгаа. Чухам хэзээнээс зам засварын ажлыг хийж эхлэх, гүйцэтгэгч компанийг хэзээ шалгаруулах, иргэд ямар замаар хэрхэн зорчихыг нийслэлийн Авто замын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Намжилмаагаас тодруулахад “Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16.35 км авто замыг бүрэн шинэчилнэ. Энэ ажлыг таван багц болгож хуваасан. Таван гүйцэтгэгчийг шалгаруулна Гүйцэтгэгч шалгарчихвал шууд ажилдаа гарна. Засварын ажил энэ долоо хоногт эхлэх байх. Наадмаас өмнө засварын ажлыг дуусгах төлөвлөөгөөтэй байгаа. Харин иргэд ямар замаар хэрхэн зорчих нь одоогоор тодорхойгүй байна” гэв. Зусланд жилийн дөрвөн улирлын турш амьдарч, ажилдаа явдаг хүн олон байдаг. Зам засварлаж байгаа нь сайхан хэрэг. Гэхдээ иргэд холуур тойрч явах нь хүндрэлтэй. Цаг хугацаа алдахаас гадна санхүүгийн алдагдалд орно. Түүнчлэн замын түгжрэл ч нэмэгдэнэ. Уг нь аливаа ажлыг хийхээсээ өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ядаж л иргэд хаагуур, ямар замаар зорчихоо засварын ажил эхлэхээс өмнө мэдэх ёстой. Нийтийн тээврийн хэрэгсэл ямар маршрутаар хэрхэн зорчихыг нийслэлийн Тээврийн газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Д.Болдоос тодруулав.

-Зуслангийн чиглэлийн замыг засварлах гэж байгаа. Замыг хаана гэсэн. Тэгэхээр тухайн бүсэд амьдардаг иргэд нийтийн тээврийн хэрэгслээр хэрхэн зорчих вэ?

 -Одоохондоо зам хаана гэсэн ямар нэгэн албан ёсны мэдээлэл манай газарт ирээгүй байна. Зам засварын үеэр зам хаах, хэсэгчлэн хаахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Авто зам, тохижилт ногоон байгууламжийг ашиглан хамгаалах журмын дагуу зөвшөөрөл олгох, гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсэг байдаг. Ажлын хэсгийнхэн зам засварын ажил хэдийд эхэлж, дуусах хугацааг зааж өгдөг. Тээврийн газ- раас ч иргэд аль замаар хэрхэн зорчих талаарх шийдвэрийг гаргана.

-Шаргаморьтын чиглэлд хэчнээн нийтийн тээвэр иргэдэд үйлчилдэг вэ. Зуны улиралд зусланг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Нэмэлт тээврийн хэрэгсэл гаргах боломж байдаг уу?

-Гэрээтэй 21 байгууллага ажил ладаг. Иргэдэд 500-1200 төг- рөгөөр үйлчилгээ үзүүлж байгаа. Одоохондоо зуслангийн төлөвлөлт хийгдээгүй байна. Энэ сарын дун- дуур хийнэ. Тэр үед энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэв.

С.ИЧИНХОРЛОО