06.03

Рианна, Бензема нар дотносчээ

Холливудын хүрээнд дуучин Рианнагийн шинэ үерхлийн тухай ярилцах болов. Сураг сонсохнээ, Барбадоссын үзэсгэлэнт бүсгүйн ээлжит найз залуугаар хөлбөмбөгийн “Реал” баг болон Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема тодорсон аж.

Тэд өчигдөр өглөө зургаан цагийн орчимд хамтдаа Нью-Йорк хотноо харагдсан байна. Дуучин бүсгүй, тамирчин залуу хоёр 24 цагийн ажиллагаатай цайны газраас хамтдаа гарч явжээ. Өмнө нь тэд ойролцоо орших нэгэн шөнийн клубт цуг зугаацсан гэнэ.

Тэд хоёулаа 27 настай юм. Танилцаад нэг жил орчим болж байгаа аж. Өнгөрсөн жил Рианна Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Бенземаг дэмжин твиттерээр захидал илгээсэн билээ. Алдартнуудын дунд үнэхээр л хайр дурлалын харилцаа үүссэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Жаахан хүлээх л үлдлээ.