06.04

ХӨСҮТ-ийн эмч нар охины аминд хүрсэн үү?

Сошиал ертөнцөөр ХӨСҮТ-ийн эмч нарыг зургаан сартай хүүхдийн оношийг тавьж чадахгүй цаг хугацаа алдсаар байгаад аминд нь хүрлээ гэх мэдээлэл яваад байгаа билээ. Энэ тухай хохирогч эмэгтэй фэйсбүүкээр дамжуулан сэтгүүлчдийн группт бичин үлдээжээ.

Тэрбээр "ХӨСҮТ-ын эмч нар 2015 оны 05-р сарын дундуур тууралттай ирсэн зургаахан сартай Болор-Уянга охиныг "Коор" хэмээн оношилж эмнэлэгт хэвтүүлсэн. Охины бие эмнэлэгт ирсэнээс хойш өдөр ирэх тусам хүндэрсэн байна. Ингээд нэлээд хэд хоногийн дараа шинжилгээ авч "Коор биш байсан байна. Гэхдээ өөрчлөлттэй гарсан" гэдэг хариултыг өгчээ. Охиныг хариуцсан эмч Болормаа үзлэг хийх болгондоо "Хатгаагүй, дээрдэж байна" гэсээр охин сүүлдээ таталт өгч, цусаар хүндэрч эхлэхэд ХӨСҮТ-ын эмч нар Эх нялхсын хүүхдийн эмч дуудаж үзүүлэхэд охиныг үзсэн эмч "Энэ хүүхэд чинь хоёр уушгиндаа битүү хатгаатай байна" хэмээн эмч нарыг загнасан гэдэг. Мөн эход харан ээж болох Батчимэгт "Хүүхдийн ходоод цоорсон байж магадгүй" гэх зүйлийг хэлсэн бөгөөд охин сэхээ рүү шилжсэн ч эмч нар нь "Өнөө шөнийг давахгүй байх. Өнөө шөнийг авчихвал маргааш хагалгаанд оруулна" гэсэн ч маргааш нь "Ходоод нь цоороогүй юм шиг байна. Харин нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй, дотуур цус алдалттай" гэсээр охиныг оношилж чадаагүй аж. Ингээд баттай оношилж ч чадаагүй охиныг сэхээнд  байхад "Түүнээс муу хүүхэд ирлээ" гээд энгийн тасаг руу шилжүүлсэн бөгөөд охин тасагт ирээд шөнөжин даралт нь унаж, бие нь муудсаар дахин сэхээний тасаг руу шилжсэн боловч өчигдөр өглөө үүрээр бурхан болжээ. Коорын тасагт хэвтэж байх хугацаанд охин маань зогсолтгүй ханиалгаж, 38,5-тай халуураад сандаргахад жижүүр эмч нь хичнээн цагаар алга болчихдог байсан, сувилагч нарт нь ингээд байна гээд охиноо бариад очих болгонд тайвшруулах унтуулдаг тариа л хийдэг байсан. Охин маань эмнэлэгт ийм хүнд ирээгүй. Буруу оношилж, буруу эмчилж л ингэж хүндэрсэн байхад сэхээнд ухаангүй байхад нь эмч нь "Манай талаас бол одоо хийх юмаа хийсэн. Коорын халдварлах хугацаа нь ч дууссан. Тиймээс дүүргийнхээ эмнэлэг рүү юм уу Эх нялхас руу шилж. Чиний л сонголт" гэжээ.

ХӨСҮТ энэ их ачаалалтай үед коорын оноштой ирсэн өвчтөнүүдээс шинжилгээ авч мөн, бишийг нь тогтоолгүй таамгаар шууд хэвтүүлэн эмчилж, дараа нь шинжилгээ авч байгаа тухай олон удаа хэвлэл мэдээлэлд хандлаа. Эрүүл саруул хүүхэд төрүүлчихээд эмч нарын буруугаас болж охин үрээ алдлаа хэмээн хөөрхий ээж харуусаж байна.