06.05

“Автомашингүй өдөр”-өөр захууд амарч, автозамыг хэсэгчлэн хаана

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд олон улсын гүйлт ирэх бямба гаригт тохиож буй. Үүнтэй холбоотой дүүрэг, агентлагийн зүгээс автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам, талбайд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах аж.

Түүнчлэн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвийг амраахаар шийдвэрлэлээ. Мөн автозам хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүл, Бээжин, Анкара, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөжээ. Мөн энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний замыг хаах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 “ХМК-Офицеруудын ордон”, Т:3 “III, IV хороолол-БММЗ”, Т:4 “Вокзал-Ботаникийн цэцэрлэг”, Т:5 “Офицеруудын ордон-III, IV хороолол” чиглэлийн үйлчилгээ зогсох юм байна. “Автомашингүй өдөр”-өөр хотын төвийн зарим гудамж, автозамын хөдөлгөөнийг хязгаарлах талаар ЗЦГ- ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Төрбатаас тодрууллаа.

-“Автомашингүй өдөр”-өөр аль хэсгийн гудамж, замыг хязгаарлах вэ?

-“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотой нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ирэх бямба гаригт “Улаанбаатар- Марафон 2015” гүйлтийн тэмцээн болно. Замын цагдаагийн газраас гаргасан маршрутын дагуу энэ өдөр нийслэлийн гол гудамжны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм. Өмнө нь Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн автозамын хөдөлгөөнийг хаадаг байсан бол энэ удаад гүйлтийн маршрут өргөн хүрээг хамрах болсон учраас Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангаас урагш Жамъяангүний гудамж хүртэл, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана. Мөн Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд, Жуулчны болон Самбуугийн гудамж, Бага тойруугийн зам, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Токиогийн гудамжийг бүхэлд нь хаана.

-Автозамын хөдөлгөөнийг хэдэн цагийн хооронд хязгаарлах вэ?

-Энэ өдөр 08.00-18.00 цагийн хооронд дээрх маршрутад заасан автозамуудын хөдөлгөөнийг бүрэн хаана. Тиймээс тухайн хэсэгт оршин суудаг иргэд ямар нэгэн ажилтай бол 08.00 цагаас өмнө автомашинаа гаргахыг сануулъя. Зам хаалттай байх хугацаанд тээврийн хэрэгслийг тухайн хэсгээс гаргах, оруулах боломжгүй.

 -Энэ өдөр жолооч нар аль замаар зорчих боломжтой вэ?

-Гол гудамж, автозамууд хаагдах үед жолооч нар Их тойруугийн эсвэл Нарны замыг сонгож хөдөлгөөнд оролцоно. Мөн баруун дөрвөн зам, Нарны гүүрээр зорчих боломжтой.