Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Туркийн соёлын өдрүүд энэ сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөз өнөөдөр Элчин сайдын яамны байрандаа тус өдрүүдийн хүрээнд болох үйл явдлын талаар танилцуулсан хэвлэлийн бага хурал хийлээ. Тус соёлын өдрүүдээр Туркийн алдарт төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолтоо хийх юм. Тулуйхан Угурлугийн хөгжмийн гоц явьяас 4 настайд нь илэрч байсан байна. Тэрбээр гадаадын олон улс орнуудад 300 гаруй тоглолтоо хийсэн уран бүтээлч аж. Мөн энэ үеэр Туркийн “Эбру” буюу усан дээрх гар зураг зураач Айшегүл Кавасын уран бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуулын эвлэлийн хороонд гарна. Тэрбээр мөн Чингис хааны талбайд Туркийн “Эбру” урлагийг танилцуулах аж. Зураач Айшегүл Кавас Туркийн Эржиэсийн Их сургуулийг хивс урлалын мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа үндэсний урлал, тэр дундаа зураг чимэглэл болон “Эбру” урлагийг сонгон суралцжээ. “Эбру” урлаг нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг тайвшруулах эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлог аж. Түүнчлэн Туркийн Кемпински зочин буудлын тогооч нар хүрэлцэн ирж Турк хоолны өдөрлөг зохион байгуулах юм. Олон улсын кино наадмуудын шагналт таван киног Туркийн кино долоо хоногийн хүрээнд олны хүртээл болгоно. Мөн "Хурд" хамтлаг хаалтын тоглолт хийх гэнэ.