Авлигатай тэмцэх газар энэ оны тавдугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 53 гомдол мэдээллийг хянаж ажилласан байна. Тэдгээрээс 13 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Өнгөрсөн сард тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт эрүүгийн 81 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Одоогийн байдлаар эрүүгийн 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Мөрдөн байцаалт явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг давамгайлж байгаа аж.
П.ТУУЛ