06.09

Нийслэлчүүдийг нүүлгэн шилжүүлье

Ус бол байгалийн гайхамшигт шингэн бөгөөд хүний биеийн 40-50 хувь нь ус байдаг. Өөрөөр хэлбэл, бид уснаас бүтдэг бөгөөд усгүй бол шууд л үхэлтэй нүүр тулна гэсэн үг. Усгүй бол бүх амьдрал зогсоно. Гэтэл нийслэлд яг одоо тулгамдаад байгаа нэг чухал асуудал бол нийслэлийн хэмжээний бохир, шингэнийг татан зайлуулж, цэвэршүүлдэг Төв цэвэрлэх байгууламж хэзээ мөдгүй нурах.

Үүнийг засварлахын тулд нийслэлчүүд бидний ундны усны эх үүсвэр болсон Туул гол руу бүх бохироо цутгана гэж “сүрдүүлж” байгаа нь аймшигтай мэдээ юм. Төв цэвэрлэх байгууламжид зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байгааг Ус Сувгийн Удирдах газраас мэдэгдээд, цэвэрлэхгүй бол нийслэл тэр чигтээ “хот жорлон” болно шүү гээд байгаа. 51 жилийн настай энэ байгууламж өнөө маргаашгүй нурах дээрээ тулж, удирдах албан тушаалтнууд аргыг нь олно гэсээр сууж байгаа нь үнэн. Эсвэл хотоо жорлон болго, үгүй бол нийслэлчүүдийг бүх нүх сүвээ бөглөөд гурав хоног бохироо гаргахгүй бай гэдэг хатуу шаардлагатай нийслэлчүүд тулгараад байгаа.

Уг нь ундны усгүй болсноос гурав хоног гүрийсэн нь дээр сонголт боловч нийслэлчүүд бүгдээрээ л хөдөө гардаггүй юм бол энэ гурав хоногт хэцүүдэх нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр ямар гарц хэрэгтэй юм бол. Төр засгийн өндөрлөгүүд ундны усны талаар санаа зовж байгаа нь ч харагдахгүй байна. Энэ асуудлыг зөвхөн Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд, Ус Сувгийн Удирдах газрынханд тохоод өнгөрөх санаа байна уу. Мөн өнөө олон мэдэхгүй салбар үгүй тэмцэгчид хаачив. Ноён уулыг ухуулахгүй гээд өлсгөлөн зарлаад байсан хүмүүс өнөөдөр алга болжээ. Тэд Төв цэвэрлэх байгууламжийг засахын тулд ямар гарц байгаа талаар дуугарч байх ёстой атал өнөөдрийг болтол нэг нь ч алга. Алт, эрдэнэсийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байсан тэмцэгчид хаачсан нь сонирхолтой.

Уг нь бол Төв цэвэрлэх байгууламжийн засварт 40-50 сая төгрөг зарцуулна гэж байгаа. Бас гаднаас мундаг мэргэжилтэн урих гэсэнгүй, манайд засчих хүн нь байгаа гэх. Тэгсэн хэрнээ засварын ажлыг хийхэд хоёрхон гарц байна гээд суугаад байгаа нь асуудалтай байгаа юм. 

Бас болоогүй өнөөдөр бүх бохироо Туул руу цутгах эсэх асуудлаа шийдэж ядаж байхад Туул голд минж нутагшуулах ажлыг үргэлжлүүлнэ хэмээн нийслэлийн 2015 оны төсвийг батлахдаа Минж нутагшуулах багийн үйл ажиллагааны зардалд 306204.7 мянган төгрөг зарцуулна гээд заачихжээ. Нэгэнт л Туул руу бүх бохироо цутгаж, тэр чигт нь бохируудах гэж байгаа бол тэр олон минжийг авчираад ч цэвэрших эсэх нь тодорхойгүй биз дээ. Бас элдэв төрлийн халдварт өвчин гараад байна, ариун цэврээ сайтар сахь гээд байгаа юм. Энэ ч бас асуудалтай.

Тэгэхээр энэ бүх асуудлын өмнө ундны усаа авч үлдэх асуудлыг нэгдүгээрт тавиад Төв цэвэрлэх байгууламжийг засч дуустал нийслэлчүүдийг нүүлгэн шилжүүлбэл яасан юм бэ.