Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдож, танхимаа байгуулснаас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд танхимын тэргүүн Ч.Сайханбилэг багагүй шүүмжлэл сонсож, сайн муугаараа ч нэлээд дуудуулаад авсан. Тэгвэл түүний танхимын сайд нар хэр ажиллаж байгааг сонирхуулъя. “Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн танхимд бусад намаас хамтарч сайдын суудал авснаараа онцлогтой.
Тодруулбал, МАН-аас Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар Ч.Сайханбилэгийн танхимд багтсан. Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг төлөөлж байна. Харин танхимын 18 сайдаас үлдсэн ес нь АН-ыг төлөөлж байгаа юм. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Р.Жигжид, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар багтаж байна.
Дээр дурдсанчлан танхимын тэргүүн шүүмжлэл ихтэй байгаа. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүх түймэрт өртсөн зүүн аймгууд руу нисдэг тэргээр очиж шүүмжлэл хүртсэнээс өөрөөр магтаал сайшаал, муучлал багатай байна. Харин шинэ танхимаас хамгийн их хэл ам дагуулсан нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав гэж хэлж болно. Учир нь тэрбээр өмнөх сайд Х.Тэмүүжинтэй “арсалдаж” энэ хоёр хүний хувийн “тулаан” ид өрнөж байгаа юм. Д.Дорлигжав сайд болсны дараа Тахарын албыг татан буулгах тухай мэдэгдэж, Х.Тэмүүжингийн шинэчилсэн Цагдаагийн албаны тухай хуулийг өөрчлөх, Гэмт хэргийн тухай хууль гээд ажлууд хийж байгаа. Гэхдээ Х.Тэмүүжин түүнийг “хуулийн хулгай” хийж байна гэж үзэж, “бөгс долоож сайд болсон” гэж ч буруутгаад амжсан. Ямартай ч Ч.Сайханбилэгийн сайд нараас одоогоор хамгийн сенсацитай байгаа нь Д.Дорлигжав болоод байгаа юм.
Тэгвэл энэ засгаас хамгийн нам гүм сайдаар Уул уурхайн сайд Р.Жигжид нэрлэгдчихээд байна. Ингэж хэлэхийн учир нь өнөөдөр монголчууд Оюутолгой, Тавантолгой асуудалд хэд хэд хуваагдчихаад цахим ертөнцөд ч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хэрүүлийн алим шидэлцэж суугаа. Гэтэл салбарын сайд энэ асуудалд ганц үг ган хийхгүй амьгүй албат мэт байгаа юм. Үндсэндээ Ч.Сайханбилэг Оюутолгойн төлөвлөгөөг Дубайд үзэглэхэд ч, Тавантолгой тойрч улстөрчид хэрэлдэхэд ч Р.Жигжид сайд дуугарсангүй. Уг нь уул уурхайн салбарыг толгойлж суугаа хүний хувьд гацчихаад байгаа төслүүдээ хөдөлгөдөггүй юм аа гэхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлмээр юм. Гэсэн ч тэрбээр энэ суудалд яах гэж очсоноо өнөөг хүртэл ойлгоогүй яваа бололтой.
Тэгвэл сайдын суудалд очсоноосоо хойш хамгийн их халаа сэлгээ хийсэн нь нь Д.Оюунхорол болж таараад байна. Учир нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны халаа сэлгээ нэг хэсэгтэй л хэвлэлийн хуудаснаас салаагүй. Өөрөөр хэлбэл, БОНХЯ цомхотгол нэрийн дор төрийн албан хаагчдыг хоолноос нь салгасан “хатуухан” шийдвэр гарч байв. Тухайн үед халагдсан ажилчид нь өргөдөл гомдлоо барьсаар хууль шүүхийн байгууллага, гомдол санал хүлээн авагчдын хаалга шагайсан. Хэдийгээр Д.Оюунхорол сайд “Халаа сэлгээ хийсэн асуудал чинь биднээс эхлэлтэй биш. Хэнтий аймгийн засаг дарга АН-ын хүн. Орон нутгийн иргэд Хэнтий аймгийн Хэрлэн голын сав газрыг Хэнтий аймагт байгуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг гаргасан. Орон нутгаас ирсэн саналыг үндэслэж Сав газрын даргыг томилсон. Тийм учраас хууль зөрчөөгүй” гэсэн байдаг бөгөөд цомхотгосон ажилтнуудаа мэргэжилтнээр буцааж авсан хэмээн мэдэгдсэн. Хэдийгээр өөрөө ийн мэдэгдсэн ч түүний халаа сэлгээ нэлээд шүүмжлэл дагуулсныг дурдах нь зүйтэй.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын төсөв хэвийн гэж мэдэгддэг ч үнэн хэрэгтээ төр цалин тавих мөнгөгүй болсон тухай шуугиж байгаа. Тэгэхээр тэр ажлаа сайн мэдэхгүй байна уу, худлаа яриад байна уу гэдэг эргэлзээтэй. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн гэрээний асуудлаар нэг хэсэг баалуулсан ч өдгөө нам жим байна. Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хувьд байнгын хорооны дарга Д.Ганбаттай байнгын хорооны хуралдааны үеэр “барьцалдаж авах” дөхсөнөөс өөрөөр нам жим. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тариаланчидтайгаа ойлголцохгүй хаваржин л толхилцсон. Өдгөө ч цахим ертөнцөд тариаланчид түүнийг баалсаар байна. Ямартай ч Ч.Сайханбилэгийн сайд нарын танхим нэг иймэрхүү. Энд дурдагдаагүй нөхөд үндсэндээ нам гүм байна. Гэвч нам гүм байгаа нь ажлаа сайн хийж байгаа гэсэн үг ч бас биш бөгөөд тухайн салбарт онцлох зүйл үгүй гэж хэлж болох юм.
Г.НАРАН