06.11

Монгол хэлний сургалтын нэр томьёоны хэлэлцүүлэг боллоо

МУБИС, МУИС,  Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн  эрдэмтэн судлаач, багш нар өнөөдөр ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн шинэчэлсэн цөм хөтөлбөрт хэрэглэх нэр томьёог журамлан тогтоохоор хэлэлцлээ.  Тус хэлэлцүүлэгт доктор Ц.Өнөрбаяр,  Б Базаррагчаа нар “ЕБС-ийн суурь болон бүрэн дунд боловсролын монгол хэлний сургалтад хэрэглэж буй нэр томьёо, түүнийг оновчтой тогтоох арга зам” гэсэн илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

 Харин  доктор С.Энхбаяр “ЕБС-ын суурь болон бүрэн дунд боловсролын уран зохиолын сургалтанд хэрэглэж буй нэр томьёо, түүнийг оновчтой тогтоох арга зам”, Доктор Ү.Ариунболд “ ЕБС-ын монгол бичгийн сургалтанд хэрэглэж буй нэр томьёо, түүнийг оновчтой тогтоох арга зам” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлж,  монгол хэл бичгийн эрдэмтэд санал бодлоо солилцлоо.

Ерөнхий боловсролын сургуульд хэрэглэж байгаа монгол хэл, уран зохиол, монгол бичгийн нэр томьёог мэргэжлийн төвшинд журамлах нь эх хэлний сургалт судалгааны асуудал бөгөөд  монгол үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг чухал зүйл аж.  ЕБС-д нэр томьёо, нэг ухагдахууныг олон янзаар хэрэглэдэг нь сургалт хариуцаж байгаа багш, суралцагчдад хүндрэлтэй бөгөөд нэг ухагдахууныг олон янзаар тайлбарлах нь төөрөгдүүлэх аюултай аж. Сургалтад хэрэглэж байгаа нэр томьёог нэг мөр болгож,  мэргэжлийн хүмүүсийн хүрээнд ярилцаж, журамласнаар  сурагчид хичээлдээ амжилттай суралцах нөхцөл болох талаар хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд ярьж байлаа.

А.Хулангоо